
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсад орчин үеийн худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус салбарын үе үеийн мэргэжилтэн, нийт ажилтан, ажиллагсдад мэндчилгээ дэвшүүллээ.
Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ, 1921 онд Ардын харилцан туслалцах хоршоо байгуулан үйл ажиллагааныхаа гарааг эхлүүлсэн худалдааны салбар хүн ардыг хэрэгцээт бараа, үйлчилгээгээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж, улс орны хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглэхэд нэн таатай байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад худалдааны салбар онцгой үүрэг хүлээж байна. Төр, засгаас худалдааны салбарыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх бодлого явуулж, эдийн засагт худалдааны салбарын тэтгэх нөлөөллийг бэхжүүлэх, гадаад, дотоод худалдааны зохион байгуулалт, бүтэц, хэлбэрийг төлөвшүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ирснийг тэмдэглэсэн байна.
Мөн Улсын Их Хурлаас эдийн засгийн суурь нэгэн бааз хөдөө аж ахуйн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оновчтой оруулан, малчдын орлогыг тогтворжуулан нийгмийн баталгааг хангах, улмаар дотоодын үйлдвэрүүддээ чанартай түүхий эдийг тогтмол нийлүүлж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгохыг бодлогоор дэмжин “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийг баталсныг дурдаад Монгол Улс эдүгээ олон улсын худалдааны түвшинд үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоод худалдаа эрхлэгчдийн тоо үлэмж өсч, гадаад худалдааны эргэлтийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнээс хэд дахин нэмэгдэх тооцоо гарч байгаа нь манай улс дэлхийн эдийн засаг, зах зээлтэй нягт харилцаа холбоотой болж байгаагийн илэрхийлэл юм.
Худалдааны салбарын үйл ажиллагаа ийнхүү өргөн далайцтай явагдах болсон энэ үед үндэсний боловсон хүчин бэлтгэх, мэргэжлийн худалдааны шалгарсан соёлыг нэвтрүүлэх, бодлого, эрх зүйн зөв орчин нөхцөлийг бүрдүүлэх чухал зорилтууд эн тэргүүнд тулгарч байгааг онцолсон байна
гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ