Говь-Алтай чиглэлийн нисэх онгоцны цонх хагараагүй гэв
Хэдхэн хоногийн өмнө Изинис компаний СААБ-350 онгоцны дугуй буух үед нь мултран унаж олон хүний халуун амийг хөнөөх дөхсөн. Тэгвэл өнөө өглөө 09.00 цагт Улаанбаатараас Говь-Алтайн чиглэлд нислэг үйлдэхээр хөөрсөн Аэро-Монгол компанийн 82-50 дугаартай Фокер–50 онгоцны зорчигчийн салоны цонх нь хагарсан тул уг цаашид нислэг үйлдэх боломжгүй болж эргэн ослын буулт хийжээ гэх мэдээлэл цацагдаж байна.
Уг мэдээллийн дагуу ИНЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан н.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Ийм мэдээлэл одоохондоо манайд ирээгүй байна. Мэдээлэл ирвэл та бүхэнд шуурхай мэдээллэх болно” гэв.
Иймд Аэро-Монгол компанийн Говь-Алтай дахь салбарын төлөөлөгч рүү холбогдож, дараахи тодруулгыг авлаа.
-Сайн байн уу. Шууд.мн сайтаас ярьж байна. Өнөөдөр өглөө Улаанбаатараас Говь-Алтайн чиглэлд нислэг үйлдэхээр хөөрсөн танай компанийн 82-50 дугаартай Фокер–50 онгоцны цонх хагарч, ослын буулт хийсэн гэх мэдээлэл ирлээ?
-Тийм зүйл болоогүй.
-Онгоц ослын буулт хийсэн нь үнэн юм уу?
-Говь-Алтай аймагт цаг агаар муу байна. Их хэмжээний бороо орсон учраас ослын буулт хийсэн.
-Хэдэн цагт онгоц ниссэн бэ?
-Онгоц 09.00 цагт нисэх байсан. Гэхдээ цаг агаарын улмаас 09.50 цагт хөөрсөн. Өөр зүйл болоогүй” гэлээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ