Эмзэг бүлгийнхэнд чиглэсэн төсөл үр дүнгээ өгч байгаад иргэд баяртай байна

img

Монгол Улсын Засгийн газраас Азийн Хөгжлийн Банк, Японы Ядуурлыг Бууруулах Сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” JFPR-9115 MON төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Зорилтот бүлгийн нийт 30 000 хүнд хүрч хэрэгжих уг төслийн талаар тогтмол мэдээлдэг билээ. Төслийн хүрээнд Баянзүрх, Сонгино-Хайрхан, Чингэлтэй дүүргийн сонгогдсон 10 хороо болон өрхийн эмнэлэгт 14 туршилтын загвар төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Сонгогдсон, зорилтот бүлэгт Баянзүрх дүүргийн 21, 22, 23, 24 Чингэлтэй дүүргийн 7, 19 Сонгино-Хайрхан дүүргийн 22, 23, 24, 25-р хороодын эмзэг бүлгийн иргэд хамрагдаж байгаа юм. Дээрх хороодод нийт 113471 хүн амьдардагаас 6071 эмзэг бүлгийн өрх, 23348 эмзэг бүлгийн хүн ам амьдарч байгаа юм. Тэдгээрээс 29803 нь 16-аас доош насны хүүхэд, 1236 нь өрх толгойлсон эцэг, эх, 8596 нь тэтгэврийн насны хүмүүс.

Бүртгэлгүй 3752, даатгалгүй 11374 иргэн байна. Эмзэг бүлгийн эдгээр иргэд бүртгэлгүй, даатгалгүйгээсээ нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байсаар. Энэ асуудлыг бага ч болов шийдвэрлэх үүднээс дээрх төслийн хүрээнд   Сонгино-Хайрхан дүүргийн 22, 24, Баянзүрх дүүргийн 22, 24-р хороодод “Эмзэг бүлгийн иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, бичиг баримтжуулах замаар иргэний бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” загвар төслийг хэрэгжүүлж, эмзэг бүлгийн 6000 орчим иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгч, 526 иргэнийг бичиг баримтттай болоход хамтран ажилласнаар нийгмийн суурь үйлчилгээ хүртэх боломжоор хангажээ. Мөн Сонгино-Хайрхан дүүргийн 22, 23-р хороодод 40 асран хамгаалагчийг бэлтгэв.  Асран хамгаалагчид нь асран хамгаалах хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асран хамгаалах үйлчилгээг гэрээр үзүүлж байна.

“Эрүүл мэндийг дэмжих идэвхтэн бэлтгэх” төслийн хүрээнд 160 хүнийг эрүүл мэндийг дэмжигч идэвхтэнээр бэлтгэж, иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаа явуулах, зөвөлгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг мөн гэрээр үзүүлж иргэдийн талархлыг хүлээж байна.

СХД-ийн 22, 23, 24, 25-р хороодод  “Гэр хорооллын жирэмсэн болон төрсний дараах үеийн эхчүүдийн хяналт”  загвар төслийг хэрэгжүүлж, эмзэг бүлгийн 1000 гаруй эмэгтэйг эх барих, эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулсан бол,  Баянзүрх дүүргийн 21, 22, Чингэлтэй дүүргийн 7, 19-р хороодод “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээний улс, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” загвар төслийг хэрэгжүүлж байна.

Одоогоор шүд эрүү нүүрний урьдчилан сэргийлэх үзлэгт эмзэг бүлгийн 6438 хүнийг  хамруулж,  500 хүнд шүдний өвчний яаралтай тусламж үзүүлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэр үнэн шүү дандаа худлаа дүгнэлт худлаа шоу хийж байна. одоо бас Засгын газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гээд л 1015 өрх ч гэлүү өрхийг ядуурлаас гаргах хөтөлбөр гээд нэг юм байна. хаана байна тэр ядуурлаас гараад байгаа нь цаасан дээр худлаа баахан тоо л явдаг болохоос....... төсөл хэрэгжээд байгаа юм байхгүй. үүнийгээ болиоч. нээрээ иргэд гэж одоо хэнийг хэлэх гээд байна . одоо бол энэ категорт сайд дарга нар нар л орж байгаа шүү
2011-11-21
иргэд баяртай байна гэдэг бол худлаа. Ингэж иргэдийн өмнөөс худлаа дүгнэлт гаргахаа болиочээ. Иргэд туйлдаж байна. Иргэд гэж хэн бэ хаана байна тэд чинь. Ядаж үүнийг хэлж чаддаг болчоод тэдний өмнөөс дүгнэлтийг хий
2011-11-18