
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ лхагва гаригт 11.40 цагт буюу морин цагт тангараг өргөнө. УИХ-ын даргын захирамжаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ахлагчтай ажлын хэсэг гарсан юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нар сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийлээ.
Жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр Төрийн далбааны өдөр тохиодог бөгөөд энэ удаад Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаатай хамтатган тэмдэглэх юм байна. Мөн энэхүү арга хэмжээг Хүннү гүрэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, үндэсний их баяр наадамтай хамтатган ард иргэдийнхээ өмнө үйлдэх гэж буйгаараа онцлог ажээ.
УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үйлдэх тухай Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсны дагуу анх удаа Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны цогцолборын өмнө уг ёслол болно. Үүнтэй холбогдуулан Төрийн есөн хөлт цагаан туг, Үндсэн хуулийн уг эх, Төрийн тамга зэргийг ордны гадаа залах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хэлэхдээ “Тангараг өргөх ёслол үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Ёслолын эхний хэсэг өглөө 10.00 цагт Сүхбаатарын талбайд Чингис хааны хөшөөний өмнө Төрийн далбааг угтах, мандуулах ажлаар эхэлнэ. Хүндэтгэлийн чуулган эхлэх хүртэл урлагийн арга хэмжээ болно. Гиннесийн номд бүртгүүлэхээр зэхэж буй 1000 хүүхэд бий биелгээ үзүүлнэ. Цам бүжгийн үзүүлбэр гаргана. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт хийнэ.
Ёслолын хоёр дахь хэсэгт УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан 11.10 цагаас эхэлнэ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөнө. Ард түмний төлөөлөл түүнд баяр хүргэж хадаг, сүү барина. Ахмад, залуу үеийн төлөөлөл үг хэлж мэндчилнэ. Үүний дараа Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үг хэлнэ.
Ёслолын гурав дахь хэсэг нь тангаргийн дараа болох цэргийн парад юм. Түүнчлэн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол олон баярыг нэгтгэж төсвийг хэмнэсэн. 2009 онд гэхэд зөвхөн Төрийн далбааны мандуулах арга хэмжээний төсөв 230 орчим сая төгрөг болж байсан. Харин энэ удаад Төрийн далбаа мандуулах, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хоёрыг нэгтгэн 400 орчим сая төгрөг зарцуулна. Энэ бол хэмнэлт. Учир нь 2009 оны 230 орчим сая төгрөгийг өнөөдрийн ханшаар тооцоход маш сайн хэмнэсэн үзүүлэлт” гэлээ.
Тангараг өргөх ёслолыг сурвалжлахаар 200 орчим хэвлэл мэдээллийн байгууллага оролцох бол гадаадын 50 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч ирсэн байгаа аж. Тангаргийн ёслолд АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Франц зэрэг орны төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ