Буриад харваанд нийт 64 сум тавих ёстой

img

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн. Харин өнөөдөр Буриад сурын харваа боллоо. Буриад сурын харваа нь өнгөрсөн жилээс эхлэн шинэ дүрэмийн дагуу явагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, урьд жилүүдэд насны эрэмбээр сумаа тавьдаг байсан бол өнгөрсөн жилээс цолны эрэмбээр сумаа тавьж эхэлсэн байна.

.

Буриад сур нь урианхай, халх суртай харвах техник адилхан хэдий ч харвах зай, онох бай, уухиалах уухай нь өөр байдаг бол 45 метрээс 8 сум, 30 метрээс 8 сут тус тус тавьдаг. Буриад харваанд нийт 64 сум тавих ёстой бол хамгийн өндөр оноо авсан харваач түрүүлнэ.

.

64 онохоос 57 оновол спортын мастер, 54-өөс дээш онож байж дэд мастерын болзол хангана. Энэ жилийн үндэсний их баяр наадмын сурын харвааг үзэж сонирхож байгаа наадамчин олон тэр дундаа жуулчдын тоо их байлаа. Мөн нум сумны хийц маягийг ч сонирхсон жуулчид их байв. Буриад сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.

.

Энэ үеэр Үндэсний сурын харвааны салбар хорооны гишүүн, Буриад сурын холбооны дэд тэргүүн Б.Амарсайхантай ярилцлаа.

.

-Энэ жилийн баяр наадмын буриад сурын харваа өмнөх жилүүдийнхээс аль талаараа онцлогтой байна. Харваачдын оролцоо, цэц мэргэнд ямар дүн тавих вэ?

-Ер нь энэ жилийн харваанд оноо их өндөр гарах янзтай байна. Манай харваачид жилээс  жилд мэргэжлийн түвшинд харвадаг болсон нь ажиглагдлаа. Энэ нь харваачид маань байнгын бэлтгэлтэй байж, өвөл зунгүй харвадаг болсонтой холбоотой болов уу. Дээр нь харваачид аль ч сурандаа халх, урианхай, буриад гэлтгүй жигд сайжирч байна. Харваачид жилээс жилд оноогоо ахиулж чансаагаа өгсүүлсээр байгааг дахин хэлье. Буриад сур харвахад гол нь урд гар тогтдог. Мөн хараа шагайвар сайжирдаг гээд хүмүүс харвах дуртай байдаг. Удахгүй үндэсний сурын харваа маань эхлэх учраас харваачдад маань энэ сур нэг ёсны сэтгэлзүйн ч тэр дадал бэлтгэл болж байгаа юм.

.

-Улсын мэргэн, мастеруудын идэвх өнөөдрийн энэ харваанд хэр байна вэ?

-Энд улсын мэргэн 10 гаруй харваач байна. Тэд идэвхитэй наадамдаа оролцож байна.

.

-Сур харвааны нэг нандин зүйл нь үе удам дамжиж харвадагт нь байдаг гэдэг. Удам дамжсан сайн харваач олон бий юү?

-Үе дамжсан мэргэн харваач олон. Яагаад гэхээр нум, сумаа үе уламжлуулан өвлүүлж үлдээдэг. Тэрнээс улбаалж бахархал хүндэтгэлийн үүднээс гэр бүлээрээ, аав хүү, ах дүү нараараа улсын наадамдаа оролцдог байх.

.

-Жилээс жилд харваачдын оролцоо нэмэгдэж байгаа юу. Эрийн гурван наадмаас энэ төрлийг манайхан жаахан орхигдуулаад байдаг санагддаг юм?

-Нэмэгдэж байгаа. Халх суранд л гэхэд найман зурхай дээр багтахгүй их олон үетэй харвах нь бий. Харваач нэг удаа харваад дараагийнхаа сум тавих гэж хоёр цаг хүлээдэг болчихсон. Тиймээс цаашдаа наадмын сорилго харваа гэж хийхгүй бол наймаас илүү зурхай гаргах боломж хомс байна. Шахуу байвал шинэ харваачид орж ирэн хүн харвана. Аюулгүй байдал талаасаа анхаарахгүй бол болохгүй” гэв.

.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boogii:
uher mongoliig alah heregtei
2013-07-10
unen:
lalariin byriaduudiig teregnii byltai n tentsulekh heregtei.
2013-07-08