Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаас МАН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхний хэлэлцэх асуудал Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан. Энэ асуудлыг өчигдөр Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм. Харин өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын талаар баяр наадмын комиссоос зарим зүйлийг тодруулах шаардлагатай байгаа тул нэг өдрийн завсарлага авах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга зөвшөөрсөн.
Иймээс намын бүлэг наадмын комиссоос тодруулга авсны дараа хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн энэ сарын 05-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ