Баян-Өлгий аймгийн наадам тодорхойгүй хугацаагаар хойшилжээ
Баян-Өлгийн аймгийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоогоод байна. Учир нь тус аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас тус хориог тодорхойгүй хугацаагаар тогтоосон аж.
Энэ талаар тус аймгийн олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.
.
-Сайн байна уу. Шууд.мн сайтаас ярьж байна. Танай аймгийн наадмын арга хэмжээг цуцалсан гэх мэдээлэл ирлээ. Энэ үнэн үү?
-Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2.3.6 дугаар багийн нутаг дэвсгэрт гарсан малын шүлхий өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Үүнтэй холбогдуулан энэ сарын 06-ны өдрийн 15.00 цагаас эхлэн аймгийн төв болон зарим сумдад хөл хорионы хязгаарлалтын дэглэмийг тодорхой бус хугацаагаар тоггоосон байгаа.Тиймээс аймгийн наадам тодорхойгүй хугацаагаар хойшилсон байгаа. Уг нь манай аймгийн наадам энэ сарын 10,11-нд болох байсан.
.
-Хэдэн суманд хөл хорио тогтоогоод байна вэ?
- Сагсай, Цэнгэл, Улаанхус зэрэг таван суманд хөл хорио тогтоогоод байна.
.
-Одоогоор дээрхи сумдад ямар арга хэмжээ авч байна?
-Шүлхий гарсан сумдын Засаг дарга нар сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, эргүүл, постыг 24 цагаар гаргаж ажиллуулж байна. Мөн иргэдийн мал худалдаалах захын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн. Харин цагийн байдлын талаар аймгийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд сэрэмжлүүлэг өгч, ярилцлага зохион байгуулахыг холбогдох мэргэжлийн байгууллагын дарга нарт үүрэг болгосон.
.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ