Нэг далбаан дор нэгдэцгээе
Аавын аяга гэж байдаг. Сүрлэг ч юм шиг тэр аяга хэчнээн сайхан ч хүүхдүүд өдөр бүр бишрэн харах нь битгий хэл анзаардаг ч үгүй. Гэхдээ амсар нь сэтэрчихвэл, цуурчихвал бүгд л анзаарна, харуусна. Төрийн сүлд гэж байна. Байж л байдаг даа хөөрхий. Бид өглөө оройгүй л ажилдаа, сургуульдаа, гэрээдээ яаран дэргэдүүр нь үл анзааран алхална. Харин нэг өдөр сүлдний маань морины оронд илжиг юмуу бамбарууш зурчихсан байвал яах вэ. Бүх л юмс, ялангуяа олон хүний хайр хүндэтгэл оршсон эд зүйл байдгаасаа өөр байх таагүй.
.
Тэгвэл манай төрийн далбааны тухайд юу болж байна вэ. Цаана чинь түмэн янзын өнгө, хэмжээтэй далбаанууд зарагдаж байна. Хүссэн даавуугаараа, хүссэн янзаараа хийдэг болж гээч. Жаахан цэнхэрдүү, бас жаахан улаан байвал л болдог бололтой. Тэгээд нэг соёмбо зурчихна. Ээ бас тэр соёмбыг ээ! Ямар гээч. Янз бүр. Уг нь Монгол төрийн далбаа, соёмбо нэг л янз байх учиртай. Тэр бүхэн өөрийн стандарттай эд. Тэр тухай ч та бүхэн олныг энд тэндээс олж унших байх. Харин би сэтгэл сэргээсэн сайхан үйл явдлын тухай ярих гэж байна.
.
Манай залуус төрийн далбааныхаа өдөр далбаа, соёмбоо мандуулах, олон түмнээ уриалах сайхан ажил сэджээ. “MCS” компанийн залуу ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдэж өчигдөр “АНУН”, “КОКА КОЛА”, “ГОЁО”, “СЭНТРАЛ ТАУЭР” гээд охин компаниудынхаа байрны өмнө флэш моб буюу чадварлаг бүжгийн давлагааг зэрэг хийн олны анхаарал татаж, талархлыг хүлээсэн байна. Үүнтэй зэрэгцэн залуусын хотхон Вива Ситигийн оршин суугчид энэ үйлсийг буухиалан, тэндээ томхон баяр эхлүүллээ. Төрийн далбааны өдөр буюу маргааш нийслэлийн маань голт зүрх болсон төв талбай, мөн Вива Сити хотхонд томоохон хэмжээний флэш моб хийхээр бэлтгэж байгаа юм байна.
Харин өнөө өглөө “MSC групп”-ийнхэн Монгол далбаагаа хүндэтгэж төв талбайнхаа өмнөх өөрийн барилгаа төрийн далбаагаараа бүхэлд нь бараг хулдав. Төрийн далбаагаа сурталчлаад зогсохгүй төрийн далбаан дээр байх бүхий л утга санаа бэлэгдлийг жинхэнэ утгаар нь урлан, төрийн далбаагаараа үндэснийхээ их баяр наадмаар зөв гоёцгоохыг уриалж байна. Уг төрийн далбааны өндөр 18 метр, өргөн нь 36 метр аж. Энэ чинь л бидний жинхэнэ омогшил. Монгол хүн бүр энэ мэт санал санаачлагыг дэмжин бадрааж байхсан. Төв цэнгэлдэхийн хойно хэдэн жилийн өмнө томоохон хэмжээтэй Төрийн далбаагаа мандуулж, түүнийг харсан бүхэн омогшин бахархаж байсан. Өнөөдөр ч гэсэн бид “СЭНТРАЛ ТАУЭР”-ийн мандуулсан далбааг бахархан харж, омогших сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Үнэхээр бахархмаар. Аргагүй л эх оронч санал санаачилгыг залуус маань гаргажээ.
.
Энэ бүхэн ямар ч шахалт, захиалгагүй цэвэр өөрсдийн сэтгэл, санаачлагаар залуусын маань хийж байгаа үйл гэхээр сэтгэл сэргэм санагдаж байна. Бас уншигч та үүнийг ямар нэг улс төрийн үйл явдалтай холбож ойлгуузай. Наадамчдын цөсийг хөөргөж, омогшил төрүүлсэн энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулж буй залуус ямар хүсэл тээж байна вэ. Тэд Монгол улсын иргэн нэг бүр, хүүхэд хөгшид хэн бүхэн төрийнхээ далбаагаар бахархаж дээдэлдэг байгаасай, хэмжээ, өнгө сэлтэд нь ямар стандарт барьдгийг мэдэж аваасай, цаашид төрийн далбаа, соёмбонд нэг л стандартаа мөрдөж байгаасай гэж уриалж байгаа ажээ.
.
Бид монголчууд, бүгдээрээ эх орондоо хайртай. Төрийн дуулал минь хэчнээн сүрлэг сайхан аялгуутай билээ дээ. Бид зах хязгааргүй уудам тал, өндөр их уулсынхаа эс ширхэг бүрийг бид харамлан хайрладаг ард түмэн. Төрийнхээ их баяр цэнгэлийн өдөр, эсвэл элэг нэгт эрэлхэг охид хөвгүүд минь дэлхийн дайдаас алт мөнгөн медаль зүүхэд бахархан хөөрдөггүй гэж үү. Тэгвэл та бид чухам зөв хэмжээстэй, зөв өнгөтэй, зөв хийморьтой далбаагаа мандуулан өргөх цаг иржээ.
.
Эцэст нь тэмдэглэхэд, энэ бүхэн хотын оршин суугчид бидэнд Наадмын шинэ мэдрэмж, шинэ өнгө аяс бэлэглэж байгаа нь хамгийн олзуурхууштай. Жилийн жилд цэнгэлдэх хүрээлэнгээ л тойрон хуушуур идэж, эсвэл Хүй долоон худагт гэртээ эртхэн харихын мөрөөсөл болсон хүүхдүүдээ дагуулан өнждөг байсан бол энэ жилээс олныг хамарч, сэтгэл сэргээсэн доргио орчинд наадмын өдрүүдээ өнгөрүүлдэг болох юм. Энэ бүхэн хэзээ ч битгий болиосой. Жилээс жилд буухиалан үргэлжлээсэй... Төрийн сүлдийн маань хос загас нь нүд хамхилгүй монгол түмнээ нар зөв гороолж, наран саран нь мөнхөд ивгээлээ хүртээн, галын дөл нь бадамлан бадарч байх болтугай.
.
Сайхан зүйлийг санаачилсан залуус, дүү нарын маань ажил үйлс үргэлж дэлгэрч явах болтугай гэж ерөөе! Элэг нэгт монголчууд, наадамчин олон минь сайхан наадаарай.
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ