Ахмад дайчдад 140 сая төгрөгийн батламж гардуулав
Тулгар төр байгуулагдасны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр эх орныхоо тусгаар тогтнол, ирээдүй хойч үеийнхээ хөгжил, дэвшлийн төлөө залуу нас, алтан амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлж, орон сууцны дэмжлэг үзүүлэх нэг удаагийн мөнгөн тусламж олгох арга хэмжээ өнөөдөр боллоо.
. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд болсон энэхүү арга хэмжээнд 1939 оны дайнд оролцлож явсан Содовын Гомбожав, 1945 оны дайн оролцож явсан Жамъяангийн Донормаа, Баруун хил дээр үүрэг гүйцэтгэж явсан Гүрсэдийн Баарай нарын гурван ахмад дайчид хүрэлцэн ирсэн. Мөн 1945 оны дайн оролцож явсан Ядамын Галдангийн хүү хүрэлцэн ирсэн юм.
. Тэдний хамгийн ахмад нь 1939 оны Халх голын байлдаанд оролцож явсан, 98 настай Содов овогтой Гомбожав. Тэрбээр төр засгийн хайр хүндэтгэл ирсэнд талархаж байгаагаа дуулгасан юм. Мөн хамгийн залуу нь Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцож явсан, 83 настай ахмад дайчин Гүрсэд овогтой Баарай байв. Өмнө нь НХХЯ-наас ахмад дайчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор 35 сая төгрөгөөр тооцон нэг өрөө орон сууцны түлхүүр гардуулан өгдөг байсан. Гэвч нэг өрөө орон сууцыг ахмад дайчдад өгөх нь хэн нэгний бизнес, мөн чанаргүй байрыг шахаж байна гэсэн хэл амыг дагуулж ирсэн. Тэгвэл ХАХНХЯ-наас ахмад дайчдад нэрийн данс нээж, уг дансанд нь 35 сая төгрөгийг байршуулан, батламжийг нь гардуулан өгдөг болсон аж.
. Дашрамд дуулгахад, “Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлиг 2008 онд батлагдсанаас хойшхи буюу 2009-2011 онд нийт 1627 ахмад дайчин орон сууцны дэмжлэгт хамрагдаж, улсын төсвөөс 56,7 тэрбум төгрөгийг зарцуулсан гэнэ. Түүнчлэн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу төрөөс ахмад дайчдад сар бүр 200,0 мянган төгрөгийн нэмэгдэл мөнгөн тусламж олгож, жилд нэг удаа орон сууцны үнийн хөнгөлөлт, дотоодын рашаан сувилал, нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлын хөнгөлөлтүүдийг бусад ахмад настнуудаас онцгойлон нэмэгдүүлэн олгодог аж.
. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хугацаанд ахмад дайчдын орон сууцны дэмжлэгт хамрагдаагүй хоцорсон, шинээр үнэмлэх авсан ахмад дайчдын орон сууцны дэмжлэгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Ахмад дайчинд орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” Засгийн газрын 2012 оны 198 дугаар тогтоолыг батлуулсан. 2013 оны улсын төсөвт 30 ахмад дайчны орон сууцны дэмжлэгийн хөрөнгө болох 1 тэрбум 50,0 сая төгрөгийг тусгуулан батлуулсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ