Иргэдэд өмчлүүлэх газрын нөөц багассантай холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас нөөцийн судалгаа хийсэн байна. Энэхүү судалгаагаар нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай, мөн төвийн дүүрэгт ордог Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт тодорхой хэмжээний нөөц газар байгаа гэсэн тооцоо гарсан аж.
Тиймээс энэ жилийн наадмыг өнгөрүүлээд нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хотын захирагчийн газраас Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутагт хэрхэн хаана газар олгох боломж байгаа талаар бүсчилсэн судалгаа хийснээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан.
Гэтэл хамгийн их нөөцтэй дүүргээр тодруулаад байгаа Баянзүрх дүүргийн хувьд л гэхэд нийт оршин суугчдынхаа тоотой бүс нутгийн байдлын харьцуулахад иргэдэд өмчлүүлэх газар хомсхон байгаа талаар эх сурвалж өгүүллээ.
Баянзүрхийн хувьд нийт 52 байршилд буюу тус дүүргийн 20, 10, 23, 11 дүгээр хорооны нутагт газар өмчлөх боломжтой байгаа талаар хотын дарга мэдэгдэж байгаа. Харин дээрх хороодын Засаг дарга, зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар эдгээр газарт иргэдэд шинээр газар өмчлүүлэх нөөц байхгүй. Харин ч хорооны уугуул иргэд өнөөдрийг хүртэл газраа өмчилж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.
Ямартаа ч нийт 52 байршилд газар олгоно гэсэн сургаар Баянзүрх дүүрэгт газрын ил далд хууль бус тулалдаан хүч авч, иргэд харсан газраа өөрсдийн дураар гэр майханаа барин төвхнөдөг хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ