Наадмын тасалбар 120 мянгад хүрчээ
Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг өмнөх жилүүдийнхээс илүү өвөрмөц болно гэдгийг баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлээд байгаа.
Харин наадмын тасалбарыг долдугаар сарын 7-ноос эхлээд Бөхийн өргөө болон Соёлын төв өргөөний кассуудаар худалдаалж эхэлсэн. Энэ жилийн хувьд суудлын тоо хангалтгүйн улмаас 2000 зөөврийн суудлыг нэмж байрлуулаад байгаа аж. Наадмын нээлт үзэх тасалбар 12 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд жуулчдад зориулсан тасалбар нь 25 ам.доллар байх юм.
.
Харин наадам үзэх багц тасалбар буюу долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд наадмын нээлт болон бөхийн барилдаан, наадмын хаалтыг үзэх тасалбар нь суудлын байршлаас хамааран сүүдрэвчтэй хэсгийнх нь 24 мянга, сүүдрэвчгүй хэсгийнх нь 12-20 мянган төгрөгийн үнэтэй байгаа.
Төв цэнгэлдэх хүрээлэн 12.500 хүний суудалтай бөгөөд үүний талыг сүүдрэвчтэй хэсэг эзэлдэг. Энэ жил таваас дээш насны хүүхдийг том хүнтэй адил 12-24 мянган төгрөгийн үнэтэй тасалбар авахыг шаардаж байгаа юм. Гэвч өнөөдөр 13.00 цагийн орчимд наадмын тасалбарууд дуусчээ.
.
Иймд жилийн жилд зарагддаг шагийн тасалбар хэдэн төгрөгийн үнэтэй байгаа сурвалжлахаар тасалбар худалдаалах цэгийг зорилоо. Биднийг очиход СТӨ-ний тасалбар худалдах цэгийн үүдэнд 20 гаруй хүн энд тэнд сууж байв. Тэднээс шагийн билет байгаа эсэхийг лавлахад 35 орчим насны өндөр нуруутай, хөрслөг бор царайтай залуу “чш чимээгүй, нааш ир” хэмээн дуудаж байшингийн буланд дагуулан очив.
.
-Наадмын тасалбар хэд гэж байгаа вэ. Надад 10 орчим тасалбар хэрэгтэй байна?
-50-120 мянган төгрөгийн үнэтэй тасалбар байна. Суудал нь гайгүй шүү.
.
-Зөвхөн нээлтийн тасалбар нь уу...?
-Үгүй. Нээлт хаалт орсон багцын тасалбар 50 мянгаас эхлэж байна. Харин 1,2,16,17,18-р секторын тасалбар 120 мянга.
.
-Тэдгээр секторуудын тасалбар 24 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байсан биз дээ. Та үнийг нь жаахан буулгаж болох уу?
-Авбал ав. Үгүй бол цаагуур чинь авъя гэсэн хүн зөндөө байна. 50 мянган төгрөгөөр ч тасалбар авч чадахгүй юм байж хэмээгээд цааш үглэж одов.
Тэр залуугийн араас гайхан харж зогстол, 40 орчим насны намхан нуруутай, мяраалаг эмэгтэй уцаартай нь аргаггүй миний хажууд ирж, зогсов. Тэрбээр “Чи наадмын тасалбар авах гэж байгаа юм уу. Энэ шинэ шагчидаас битгий ав. Муусайн авилгалчид наадмын тасалбарыг 120 мянгад бас зарна гэнэ шүү. Эд нарын ард хотын захиргааны “балиарууд” л байгаа шүү дээ. Энд 120 мянгаар шаглаж байгаа 24 мянган төгрөгийн тасалбарууд Бөхийн өргөө, Соёлын төв өргөөгөөр зарагдаагүй. Би гурван хоног наадмын тасалбарт дугаарласан ч 24 мянган төгрөгөөр тасалбар аваагүй, авсан хүнийг ч хараагүй. Сураг дуулах нээ, Хотын захиргааныхан дээгүүр, доогуураа шаглаж байгаа гэсэн” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.
Тиймээс бид тэнд над шиг шагийн тасалбар хайж яваа иргэдийн сэтгэгдэлийг сонсов.
.
Иргэн Ш.Сүрэн:
-Шагийн тасалбар гаргахгүйн улмаас нэг хүнд дөрвөөс дээш тасалбар өгехгүй гэсэн боловч эхний өдөр дөнгөж эхэлж байхад 24 мянгын билет нь дуусчихсан гэх юм. Би хөгшин аавдаа бөх үзүүлэх гээд сүүдрэвчтэй газар тасалбар авах гэсэн боловч авч чадсангүй. Улсынхаа баяр наадмыг үзэх гээд хөдөөнөөс ирж байгаа хүнд гар хоосон очиж болохгүй тул шагийн тасалбарыг 80 мянгаар худалдаж авлаа.
.
Иргэн Б.Батчулуун
-Би өнгөрсөн ням гаригт дугаарлаж зогсоод тасалбар авч чадсангүй. Өнөөдөр ажилтай тул шагийн тасалбараас авахаас өөр аргагүйд хүрээд байна. Гэтэл 24 мянгаар худалдаалагдаж байсан багц тасалбар нь 120 мянга, 16-20 мянгын үнэтэй тасалбар нь 50-60 мянган төгрөгийн үнэтэй шаглагдаж байна. Санхүүгийн боломж муутай нэгэн нь баяр наадмаа зурагтаар л үзэх болоод байна даа.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Батжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ