МАН-ын бүлгээс шаардлага хүргүүллээ
УИХ дахь МАН-ын бүлэг үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үйл ажиллагаатай холбогдон гарсан зарим асуудлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад “УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Таны өгсөн мэдээллийг сонссоны дагуу дараахь асуудлыг тавьж байна.
Үндэсний их баяр наадмын арга хэмжээний урилга, хөтөлбөр, бусад баримт бичигт Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуулийг тус тус зөрчин Ардын хувьсгалын ой гэдэг үгийг орхигдуулан хэвлэж, сурталчилж байна. Энэ нь танай хорооны болоод Таны шийдвэр биш байсан гэдгийг Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжаваас өгсөн мэдээллээс тодорхой боллоо. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын баталсан хөтөлбөрт байсан хуульд заагдсан “Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр” гэснийг “Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадам” хэмээн өөрчилсөн гэх тайлбарыг өгсөн юм. Иймд хуультай нийцүүлж баталсан хөтөлбөрийнхөө дагуу баяр наадмын арга хэмжээг зохион байгуулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны байр сууриа олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргэж ажиллахыг шаардаж байна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ