Хариуцлага тооцохыг хүслээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ц.Элбэгдоржид албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт, “Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороог Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулан ажиллуулжээ.
Баяр наадмын нэр, арга хэмжээний бүхий л урилга, хөтөлбөр, бусад баримт бичигт Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуулийг тус тус зөрчин “Ардын хувьсгалын ой” гэдэг үгийг хассан байна. Уг асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндэсний хорооны дарга Д.Тэрбишдагва, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав нараас тодруулахад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын баталсан хөтөлбөрт байсан, хуульд заагдсан Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр гэснийг Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадам” хэмээн өөрчилсөн гэх тайлбарыг өглөө.
Эндээс үзэхэд уг хууль зөрчсөн чиглэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын хуулиудыг зөрчин, Үндэсний их баяр наадмын Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдлийг үгүйсгэж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын агуулга, үзэл санаа, түүхэн ач холбогдлыг нийгмийн ой санамжаас арилгах гэсэн ёс бус үйлдэл гэж үзэж байна. Энэ нь улс орны тусгаар тогтнолын баталгаа хэврэгших, үндэсний эв нэгдэл сулрах, түүхэн үнэн гуйван гажуудах сөрөг үр дагавартайг анхаарах ёстой гэж үзэж байна. Иймд ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд уг асуудлыг судлан үзэж, буруутай холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно гэдэгт итгэж байна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ