Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журмыг шинэчлэн баталлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан сургах тухай" 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар зарлигаараа иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцлийн талаар Засгийн газарт чиглэл өгсөн билээ. Зарлиг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журмыг Засгийн газраас шинэчлэн баталлаа.
Шинэчилсэн журамд хэд хэдэн онцлог зохицуулалт оруулсан байна. Ямар сургуулиуд хамрагдахыг тодорхой зааж өгснөөс гадна тухайн жилд суралцуулах хүний тоог жил бүрийн 2 дугаар сард багтаан, мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд багтаан тогтоож байхаар нарийвчлан журамлалаа. Түүнчлэн, дэлхийн шилдэг сургуулиудын эхний 20-д багтсан их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагчид мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр, 21-100-д багтсан сургуулиудын бакалаврын хөтөлбөрт хамрагдагсдад Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэл харгалзан сургалтын зээлолгоно. Зээлд сургалтын төлбөр, амьжиргааны зардал багтах бөгөөд зээлдэгч сургууль, мэргэжлээ соливол гэрээг цуцална. Мөн оюутны улирлын голч дүн 2.0-оос дээш байвал дараа улирлын санхүүжилтыг олгоно.
Шинэ журмыг мөрдсөнөөр дэлхийн шилдэг их сургуульд суралцахад улсын, олон улсын олимпиадад байр эзэлсэн зэрэг ямар нэг урьдчилсан болзолгүйгээр сургалтын зээлд хамрагдах боломж нээгдэж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ