Улаанбаатарт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна
Дэлхийн худалдаа, санхүүгийн зах зээлд гишүүн орнуудаа идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлдэг Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтыг ирэх 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тов тогтоолоо. Энэ хөтөлбөрийн хүрээнд бүс дамнасан тээврийн коридоруудын нэгдсэн дэд бүтэц, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх судалгаа, олон чиглэлийн аялал жуулчлалын багц төсөл, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанууд хэрэгждэг.
Хөтөлбөрийн гишүүн орнууд жил бүр ээлжлэн даргалагч орноор томилогддог бөгөөд энэ жил манай улс сонгогдсон тул “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн 14 дүгээр зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах үүрэг хүлээсэн юм. Уулзалтад гишүүн орнууд болох БНХАУ, ОХУ, БНСУ болон НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн эрх зүйн статусыг тохиролцож, төслүүдийн хэрэгжилтэд үнэлэлт өгч, 2014 оны төсөв, төлөвлөгөө болон цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэж батална.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ