Ерөнхийлөгч эх орон, ард түмэндээ тангараг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслолын ажиллагаа дөнгөж сая Их жанжин Сүхбаатарын талбай дээр боллоо. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Хүннү гүрэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Үндэсний эрх чөлөөний 102 жил, Ардын хувьсгалын 92 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зохион байгуулсан юм.
Тангараг өргөх ёслолын ажиллагаа УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар эхэлсэн. УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржийг индэрт урьснаар Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдлэн хамгаалж Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглалаа. Дараа нь Төрийн алтан соёмбот тангаргын бичигт гарын үсэг зурж Төрийн тамгаар тамгалж, Төрийн далбаанаас адис авснаар ерөнхийлөгчийн эрх нь баталгаажлаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагааны дараа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийн командын дор цэрэг дайчдын хүндэтгэлийн жагсаал болсон юм.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 1200 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан ажилласан бол МҮОНТ, Eagle, ТВ5-аар шууд дамжууллаа. Мөн тангараг өргөх ёслолыг сурвалжлахаар гадаадаас 50 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч ирсэн ажээ.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ