Цагдаа нар хүүхдүүдийн эвийг олохдоо “гаршжээ”
Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай зэрэг газруудад хүний хөдөлгөөн их байна. Энэ үед эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд төөрч, будилах явдал их гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Манай сурвалжлах баг Сүхбаатарын талбайд сурвалжлагаар явж байхад эцэг эхээсээ төөрсөн хүүхэд хэд хэд таарсан юм. Эцэг эхээсээ төөрч будилан уйлж зогсох бяцхан жаалуудыг ойролцоох цагдаагийн хэлтэст хүргэж өглөө.
Харин цагдаагийнхан тэдэндтэй яг л төрсөн ах эгч мэт аргадаж, эвийг нь олох аж. Бидэнтэй таарсан 4 настай Номуундарь охин уйлж, ээрч байхад цагдаагийн албан хаагчид “За миний дүү уйлж болохгүй шүү, ах нь чихэр өгье. Энэ бүдүүн гэдэстэй ахын гэдсэнд хоёр уйланхай хүүхэд байгаа. Уйлаад байвал хүүхэд залгидаг ах байгаа юм. Чамайг уйлаад байвал энэ ах нь залгичихна шүү. Ахдаа уйлахгүйгээр аав, ээжийнхээ нэрийг хэлчих. Ах нь дүүдээ гого бохь өгье. Бас аав, ээжийг нь дуудаад өгье” гэх мэтээр аргадаж, халаасаа ухаж чихэр гаргаж өгч байлаа.
Тэдний хэлж буйгаар “Баяр наадмын өдрүүдэд 30 минут дутамд нэг хүүхэд эцэг эхээсээ төөрч будилж байгаа. Эцэг эхийн хайхрамжгүйгээс бага насны хүүхдээсээ төөрдөг. Эцэг эхчүүд биднээс хүүхдээ ирж аваад гарахдаа “хаашаа алга болчихдог юм. Хажууд явж байхгүй тэнэг юм уу” гэх мэтээр хүүхдээ загнаж, зандардаг. Зарим нь хүүхдээ бүр цохиж, зодоод аваад гардаг. Угтаа эцэг эхчүүдийн хайнга байдлаас хүүхэд алга болж байгаа шүү дээ” хэмээн ярьж байв.
Номуундарь охины ээж төд удалгүй охиноо хайсаар цагдаагийн пост дээр ирсэн юм. Түүнээс яагаад охиноо алдчихав гэхэд “Би юм үзэж байгаад эргэж хартал охин маань алга болчихсон байсан. Уг нь хажууд л явж байсан юм. Охиныг маань олж өгсөн цагдаа нартаа баярлалаа” гэж хэлээд гарч одов.
Энэ үеэр бид цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн мэдээллийн талаар лавласан юм.
-Баяр наадмын өдрүүдэд танай дүүрэгт хэрэг зөрчил хэр их гарч байна вэ?
-Хулгай болон танхайн хэргүүд нэг бус удаа гарч байна. Мөн хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх явдал их байна.
-Өнөөдрийн байдлаар хэдэн хүүхдийг олж өгөв?
-Өнөөдрийн байдлаар эцэг эхээсээ төөрсөн 38 хүүхдийг олж өгөөд байна.
-Та бүхэн 72 цагийн турш өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа юу?
-Тиймээ. Өнөөдөр охин маань 3 нас хүрч байгаа. Охиноо ч үнсэж амжихгүй ажил ихтэй байна. Эцэст нь хэлэхэд наадамчин олон минь үер ус, халаасны гэмт хэргээс болгоомжтой байгаарай. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй бүү орхиорой гэж хэлье.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Батмөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ