Сэлэнгэ аймгаас төрсөн анхны аварга Г.Эрхэмбаяр
Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой тохиосон Үндэсний их баяр наадамд нийт 512 хүчит бөх хүч бяраа сорьсон юм. Үзүүр, түрүү булаалдсан улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын өсөх идэр начин Б.Гончигдамба нарын барилдаанд Г.Эрхэмбаяр арслан илүүрхсэнээр өнөө жилийн баяр наадмын түрүү бөхөөр тодорлоо.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр нь Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадам буюу олон ой давхцсан жил С.Мөнхбат аваргатай барилдаж үзүүрлэж Улсын арслан цол авч байсан юм. Харин өнгөрсөн жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд их шөвөгт шалгарч, тэр жилийн наадмын түрүү бөх П.Бүрэнтөгст унаж байсан юм. Тэрбээр ийнхүү өнөө жилийн наадамд түрүүлснээр бөхөө дээдэлдэг монгол түмний 48 дахь аварга, Сэлэнгэ нутгаас төрсөн анхны аварга болж байна.
Үзүүрт үлдсэн Завхан аймгийн Их-Уул сумын харьяат залуу гарьд Б.Гончигдамбын хувьд 2011 оны наадмаар тавын даваанд Дундговь аймгийн харьяат аймгийн хурц арслан А.Алтанхуягтай тунаж барилдан, давснаар начин цолны болзол хангаж байв. Харин өнгөрсөн жилийн наадмаар улсын харцага Ө.Бат-Оршихоор тав давснаар начин цолоо баталж, өсөх идэр чимэг хүртээд байсан юм.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ