Истанбул дахь монголчууд наадамлав
Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Анкара дахь Элчин сайдын яамнаас Түрк дэх Монгол иргэдийн “Монголын соёл, найрамдлын нийгэмлэг” ТББ, шинээр байгуулагдаж буй “Истанбул дахь ажиллагсдын холбоо”, Истанбул хотын Кагитхане дүүрэгтэй хамтран Истанбул хотод сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн наадмыг энэ сарын 7-нд Кагитхане дүүрэгт амжилттай зохион байгуулав.
Наадмын ажиллагааг нээж ЭСЯ-ны элчин зөвлөх Д.Билэгдорж, Кагитхане дүүргийн Засг дарга Фазли Кылич нар үг хэлэв. Д.Билэгдорж гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, консул, нотариатын үйлчилгээг шуурхай хүргэх талаар шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгууль, энэ жилийн наадмын онцлогийн талаар товч танилцуулан, энэ хүрээнд саяхан УИХ-аас Истанбул хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх болсныг мэдээлэв.
Билэгдорж Истанбул дахь Монгол иргэдийн наадмын ажиллагааг зохион байгуулахад идэвхитэй оролцсон “МСНН”-ийн Истанбул дахь салбар, “Монгол ажиллагсдын холбоо”-ны зохион байгуулагч Ч.Долгормаа нарт ЭСЯ-ны нэрийн өмнөөс талархал илэрхийлж, наадамчин олонд эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ