Бутанчууд парламентаа сонголоо
Бутаны Ардын ардчилсан нам 47 суудлын 32-т ялалт байгуулснаар засгийн газраа байгуулах эрхтэй боллоо. Тус намын тэргүүн Тщерин Тобгай хаанаасаа шинэ засгийн газраа төвхнүүлэх зөвшөөрөл авна гэж “Ассошейтэд Пресс” агентлаг мэдээлжээ. Бутаны иргэд сонгуульд 80 хувийн ирцтэй оролцсон байна.
Гималайн хаант улсын иргэд хоёр дахь удаагаа парламентын сонгуульд санал өгч байгаа нь энэ юм. Тус улсын хаан 2008 онд сайн дураараа бүрэн эрх мэдлээсээ татгалзсан билээ. Бутаны өмнө эдийн засгийн асуудлаас гадна гадаад улстөрийн бодлого багагүй тулгамдсан асуудал болоод байгаа юм. Өмнөх засгийн газар нь Энэтхэгтэй сайн харилцаатай байснаа огоорсныг сөрөг хүчин байсан Ардын ардчилсан нам эрс шүүмжилж байв.
Бутан 750 мянга орчим хүн амтай. Хүн ам нь бурхны шашинтай. Эдийн засаг нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал дээр тогтдог.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ