
Африкийн Этиоп улсын зэвсэгт хүчний 700 орчим цэргүүд хөрш Сомали улсын нутаг дэвсгэрт 80-аад км-ийн гүнд нэвтэрчээ. Этиопын цэргүүд Сомалид үйл ажиллагаагаа явуулдаг Аль Каидагийн салбар бүлэглэл болох исламын Аль Шабааб бүлгийн эсрэг тулалдаж байгаа Кени улсын цэргүүдэд тусламж үзүүлэх зорилгоор ийнхүү Сомалид нэвтэрсэн байна. Хэдийгээр Этиопын цэргүүд Сомали руу үе үе хил даван байлдааны ажиллагаа явуулдаг ч энэ удаагийнх шиг нутгийн гүнд нэвтэрч байсангүй.
Саяхан Африкийн Сомали, Этиоп, Кени, Уганда улсын удирдагч нар Кенийн нийслэлд хаалттай уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр тус улсууд хамтын хүчээр Сомали улсын нутаг дэвсгэрийн ихэнхийг хяналтдаа оруулаад байгаа лалын Аль Шабааб бүлэглэлийн эсрэг тэмцэхээр болсон юм. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Кенийн армийн анги нэгтгэлүүд Сомали улсын нутагт цөмрөн орж Аль Шабаабын эсрэг одоог хүртэл тулалдсаар байгаа. Харин дээр дурдсанчлан Этиоп улсын цэргүүд өчигдрөөс Сомалид нэвтрэн орж Кенийн цэргүүдэд туслаж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ