Шүүхийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

img

  Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, БНСУ-ын Үндэсний шүүхийн Захиргааны сайд, шүүгч Ча Хан-Сун нар Монгол Улс, БНСУ-ын хоорондын Шүүхийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.   Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг “Монгол Улс, БНСУ-ын шүүхүүд олон жилийн турш найрсаг хамтын ажиллагаатай явж ирсэн. Хоёр улсын хоорондын Шүүхийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар үүнийгээ албан ёсоор бататгаж байна. Хамтын ажиллагаа маань цаашид улам идэвхжиж, хоёр тал бие биеийнхээ хүсэлтийг цаг хугацаа алдалгүй биелүүлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэж онцлов.   БНСУ-ын Үндэсний шүүхийн Захиргааны сайд, шүүгч Ча Хан-Сун энэхүү санамж бичигт гарын үсэг зурж байгаагаа нэр төрийн хэрэг хэмээгээд цаашид хоёр улсын шүүхийн хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Дээрх санамж бичигт гарын үсэг зурснаар ирэх 5 жилд хоёр улсын шүүхүүдийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон бөгөөд энэ хүрээнд шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, боловсон хүчнээ харилцан солилцож, туршлага судлуулах, БНСУ-д Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг сургалтад хамруулахаар болж байгаа аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ