Ираны шинэ удирдлагын байр суурийг мэдэхийг яаравчилж байна
Америкийн засаг захиргаа Ираны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Хасан Роуханитай шууд яриа хэлэлцээ хийх арга замыг эрэлхийлж байна. Вашингтоны сонирхож байгаа сэдэв нь Ираны цөмийн хөтөлбөр. Хэлэлцээний зуучлагчаар Европын холбооны Гадаад хэргийн яамны тэргүүн Кэтрин Эштон ажиллах юм. Америкийн талын мэдээлж байгаагаар цөмийн зэвсгийн хөтөлбөрийг тунгалаг болгох тал дээр талууд санал нэгдэж байгаа аж. Шинэ ерөнхийлөгч Вашингтоны саналаас зөрөх зүйлгүй хэмээн хэлсэн байна. Үнэндээ ч Хасан Роуханиг “Дипломат шейх” хэмээн дэмий нэрлээгүй нь тодорхой. Тэрбээр 2003-2005 онд улсынхаа цөмийн хөтөлбөрийн гол хүнээр ажиллаж байсан юм.
.
Ирэх долоо хоногт Брюссельд Ираны цөмийн хөтөлбөрийн зургаан талт уулзалт болно. Уулзалтад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн таван орон дээр нь Герман нэмэгдэх юм. Ээлжит уулзалтыг, наймдугаар сарын 3-нд Роуханиг тангараг өргөсний дараа, есдүгээр сард болно гэж ажиглагчид үзэж байна.
Вашингтон шинэ ерөнхийлөгчийн байр суурийг мэдэхийг яаравчлан хүсч байгаа нь тодорхой юм. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Роуханиг “хонины арьс нөмөрсөн чоно” гэж тодорхойлсон нь түүнийг цөмийн хөтөлбөрөө хуурамч инээдний цаана үргэлжлүүлэх зорилготой гэдэгтэй утга нэгэн байгаа юм.
:
Израилийн тагнуулын мэдээгээр Иранд 190 кг уран байгаагийн 20 хувь нь баяжуулсан уран. Ердөө хагас жилийн өмнө энэ тоо 110кг байжээ. Тель-Авив дээрх ураныг цөмийн зэвсэг хийхэд зориулагдсан гэж байгаа бол Тегеран анагаах ухааны зориулалтаар нэмэгдүүлсэн гэж эелдгээр хариулж байгаа юм. Ийнхүү цөмийн зэвсгийн бэлдцээ ихэсгэж байгаа нь “хэнээс хамааралгүй байх” тус улсын бодлого билээ.
.
Ажиглагчид Америк Иранд цохилт өгөх нь хэнд ч хэрэггүй. Вашингтоны Ойрхи Дорнодод явуулж байгаа бодлого алдаатай нь дэлхий нийтэд харагдаж байна. Тиймээс хүчирхийллийн арга замаас аль болох зайлсхийхийг илүүд үзсэн нь дээр гэж санал бодлоо илэрхийлсээр байгаа. Мөн Иран шинэ ерөнхийлөгчтэй болсноор Америк, Ираны харилцаа найрсаг байдалд биш гэхэд дайсагнасан байдлаас гарна гэж дүгнэж байна.
.
Обама энх тайванч удирдагчийн бодлогыг дэлхий нийтэд төрүүлэхийг хичээж байгааг үгүйсгэхийн аргагүй. Ийм тохиолдолд Роухани шиг өрнөдийн талыг баримталдаг хүнтэй Вашингтон хэл амаа ололцох эсэх нь бүхний анхаарлын төвд байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ