Дулааны шугамын хамгаалалтын зурваст газрын зөвшөөрөл олгохгүй байхыг хүслээ

img

 “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн үйл ажиллагаатай хотын дарга танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай санал солилцсон юм. Улаанбаатар хот өрөгжихийн хирээр ачаалал улам нэмэгдэж одоогоор дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн нийт ачаалал 1585 Гкал/ц байгаа юм байна. Цаашид холбогдохоор хүлээгдэж байгаа хэрэглээг тооцож үзэхэд ирэх жилээс эх үүсгүүрийн хүчин чадлын дутагдалд орох төлөвтэй байна гэж  тус компанийн гүйцэтгэх захриал Р.Хайдав хэллээ.

Сүүлийн жилүүдэд хотын хэрэглэгчдэд түгээсэн дулааны эрчим хүчний хэмжээ жилд дунджаар 2.5-3.0 хувиар өсжээ. Мөн дулааны шугамын хувьд ч байдал хэцүүхэн байгааг хотын даргад тэд дуулгалаа. Барилгажилт эрчимжиж, дулааны хэрэглээ эрс өсч байгаагаас хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголдох магадлалтай болсон байна. Тиймээс Баянзүрх дүүрэг, Зайсан орчим болон 11,12,13,15,16 дугаар хороолол чиглэлд дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоогоод байгаа юм байна. Тиймээс цаашид дулааны шугамуудыг өргөтгөх шинэчлэх ажлуудыг хэд хэдэн газарт хийх шаардалгатай гэлээ.

Мөн өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар дулааны шугамын хамгаалалтын зурвас тогтоож одоогоор 374  км дулааны шугамд хамгаалалтын зурвас тогтоогоод байгаа юм байна.  Хамгаалалтын зурвас гэдэг нь  засвар үйлчилгээ хийх боломжийг хангасан зай аж.

Гэвч одоогоор хамгаалалтын зурваст 300 гаруй барилга, объект байгаа бөгөөд эдгээрийн 33 нь дулааны төв шугам дээр баригдсан барилга юм байна. Дулааны шугамын хамгаалалтын бүсэд барилга барих нь шугам тоноглолыг өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд хүндрэл учруулдаг гэж дулааны инженерүүд тайлбарлаж байлаа. Тиймээс яаралтай засвар үйлчилгээ хийх үед хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүйд хүрч, дулаан тасалдах магадлал нэмэгдэх аюултай. Иймд дулааны шугамын хамгаалалтын зурвас, шугам дээр газрын зөвшөөрөл олгохгүй байх, олгогдсон зөвшөөрлүүдийг цуцлахыг хотын даргаас тэд хүссэн. Дулаан түгээх сүлжээ ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж дулааны шугамын хамгаалалтын бүсэд барьсан  12 барилгыг одоогоор буулгаж шилжүүлжээ.  Хотын дарга нийслэлчүүдийг өнөтэй, дулаан өвөлжүүлэх үүргийг хүлээн ажиллаж байгаа дээрх байгууллагын тулагмдсан асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр хэлсэн юм

гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ