Шанхайгаас Монголын циркчид хүүхдүүдэд туслав
БНХАУ-ын Шанхай хотын “YuYinTang Live music” танхимд болсон олон улсын рок хөгжмийн наадамд оролцсон хамтлагууд, Монгол Улсын Дархан хотын “Шонхоодой” циркийн жүжигчин хүүхдүүдэд хандив өгсөн байна.
.
Тоглолтод “Friend or Foe”, “Air Walker”, “Feima”, “Arm The Faithless”, “Hello Money” зэрэг Америк, Хятад, Австралийн амьд хөгжмийн нэрд гарсан хамтлагууд, АНУ-ын DJ B.O оролцон Монголын хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлжээ. Уран бүтээлчид тоглолтоос олсон орлогоосоо 1800 доллараар нь циркийн хүүхдүүдэд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, хэрэгсэл авч өгөхөөр болжээ. Энэ хандивын тоглолтыг АНУ-ын В.О Style нийгэмлэг, Дархан хотын залуу уран бүтээлч Р.Жавхлантөгс ахлагчтай “ОРХОН-21” урлагийн төв хамтран зохион байгуулжээ.
.
Өнгөрсөн хавар В.О Style нийгэмлэгийн уран бүтээлчид Дархан хотод зочлохдоо “Шонхоодой” циркийн тоглолтыг сонирхож хүүхдүүдтэй танилцжээ. Циркийн жүжигчин, багш мэргэжилтэй нөхөр, эхнэр хоёр Т.Төмөр, Я.Батцэцэг нар нь 2006 онд орон гэргүй өнчин ядуу хүүхдүүдийг элсүүлэн энэ циркээ байгуулсан юм. Одоо “Шонхоодой” цирк нь 40 жүжигчинтэй, бие даасан бүрэн хөтөлбөртэй болж өргөжсөн байна. Тэд нийслэл хот болон арав гаруй аймгаар аялан тоглож үзэгчдэдээ хэдийнэ танил болжээ.
.
Ө.Рагчаасүрэн /Дархан-Уул/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ