Аалзны торыг хөврүүлж эхлэв үү
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт ТВ9 телевизийг хувьдаа завшсан, МИАТ-ын онгоцоор өөрийн номоо үнэгүй ачуулж улсад 30 сая 454 мянган төгрөгийн хохирол учруулсан, “Өргөө” зочид буудлын хууль бус хувьчлал, “Эрдэнэт” үйлдвэрт ганбөмбөлөг шилжүүлсэн, “Улаанбаатар таймс” сонины хувьчлал зэрэг хэргүүдэд буруутгагдан зарим хэрэг нь хэрэгсэхгүй болж, одоогоос жил гаруйн өмнө буюу 2012 оны наймдугаар сарын 2-ны өдөр шүүхээс түүнд 2.6 жилийн хорих ял оноосон. Шүүх хурлаас хойш Н.Энхбаярын 10 гаруй хоног өлсгөлөн зарлаж, эрүүл мэнд нь муудаж, Сайд нарын II эмнэлэгт эмчлүүлсэн. Тэрбээр ийнхүү хорих ялаар шийтгүүлсэн ч эмнэлэг, хорих анги хоёрын хооронд шилжсээр нилээдгүй сарыг ардаа өнгөрүүлээд байгаа. Гэтэл эмнэлэгт хэвтээд ч сэхэл авахгүй биеийн байдал нь улам бүр дордож, амь насанд нь аюулд учирахад хүрээд байгаа хэмээн хоёрхон хоногийн өмнө Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдээллэж байв. Н.Удвал сайд энэ талаар хэлэхдээ “Даргын биеийн байдал маш муу байна, олон хоног өлсгөлөн зарласанаас хойш сэргэхгүй байгаа. Гэнэтийн баривчилгаа, шүүх хурал зэргээс үүссэн шок нь одоо ч арилаагүй. Хамгийн гол нь түүний өвчнийг монголд эмчлэх боломжгүй” гэж байв. Тэрбээр энэхүү мэдээллээ хийхдээ “ЭМ-ийн сайдын хувьд хүний эрүүл мэндийг чухалд үзлээ, нөгөө талаар МАХН-аас төлөөлөн Засгийн газарт ажиллаж байгаа тул намынхаа даргын эрүүл мэндэд санаа тавих нь ёс зүйд нийцнэ” гэж байлаа.
.
Үүнээс өмнө буюу Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ АН-тай тохиролцон санал хуваах, улмаар намын дарга Н.Энхбаярыг өршөөлгөх тохиролцоо хийсэн гэх мэдээлэл тарж байв. Тэр ч бүү хэл сонгуулийн өмнөх өдөр л сулалчихна гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл ч гарсан. Гэвч сонгууль болдогоороо болж, экс ерөнхийлөгч суллагдаагүй нь олны хэл амаас цэрвэснийх биз.
.
Ямартай ч, экс ерөнхийлөгчийн суллагдах эсэх нь нэг хэсэгтээ таг чиг болоод байтал Н.Энхбаяртай хамтдаа шалгагдах байсан Нийслэлийн засаг дарга асан Т.Билэгт эх орондоо ирж баривчлагдав. Түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгтэй холбогдуулж, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг байрных нь хамт үнэгүйдүүлж хувьчилсан хэмээн буруутгаж буй юм. Тэрбээр НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд энэ сарын 6-ны бямба гаригт гэрээсээ баривчлагдан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.
.
Сонирхолтой нь Т.Билэгт саатуулагдах үеэрээ өөрийгөө Интерполоор эрэн сурвалжлагдаж байснаа огт мэдээгүй гэж мэдэгдсэн гэдэг. Түүнийг ийнхүү саатуулсан талаархи мэдээлэл гарсан ч ерөнхийлөгчийн тангараг, Улсын баяр наадам зэрэгт дарагдаад сураг чимээгүй нам гүмхэн байлаа. Тэгвэл өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, хүү Э.Батшугарын хадмынх нь гэрийг битүүмжилж, О.Цолмонгийг дүүг саатуулсан зэрэг хэргүүд боллоо.
.
Үйл явдлын багцыг дор сийрүүлж байна.
.
Н.Энхбаярын нэрээр төрд шургалсан хүмүүс ирэхгүй байна
МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт өчигдөр 15.00 цагийн үед АТГ-ынхан очиж нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл гарч эхэлснээр тэр зүг рүү олны анхаарал хандсан юм. Манай сурвалжлах багийг Н.Энхбаярын гэрийн гадаа /Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Оргил рашаан сувиллын зүүн талд байрладаг 40 дүгээр байр/ очиход тус намын гишүүд, дэмжигчид гэх эмэгтэйчүүд голдуу 30 орчим хүн цугласан байсан. Тэд нь дунд МАХН-нд сүүлд элссэн Усны хэрэг эрхлэх газрын дарга асан З.Батбаяр байсан юм. Харин дараа нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, МАХН-ын гишүүн Б.Шийлэгдамба нар ирсэн бол тэднийг ирэхээс өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирээд цагдаа нартай маргалдаж байгаад явсан сурагтай байв. Харин гишүүд дэмжигчдийн “эсрэг талд” Хан-Уулын цагдаагийнхан хамгаалалтад гарсан байсан юм. Гэр дотор Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгоос мэдүүлэг авч байгаа гэсэн мэдээллийг тэнд цугласан хүмүүс хэлж байлаа. Мөн тус намын гишүүд дэмжигчид нь Н.Энхбаярын нэрээр төрд шургалсан хүмүүс энд үзэгдэхгүй байна хэмээцгээж байсан юм.
.
О.Цолмонгийн дүү О.Мичидийг баривчилжээ
Энэ үеэр О.Цолмонгийн эгчийнхэн хүүхдийг баривчлсан гэх яриа чих дэлсэв. Н.Энхбаярын гэрийн гадаа ирсэн О.Цолмонгийн эгч “Хөл нь хугараад гэртээ байгаа хүүг маань өглөө цагдаагийнхан баривчилаад аваад явсан. Харин одоо дүүг маань байцааж байна гэхээр нь ирлээ” гээд дотогш орох гэсэн боловч цагдаагийн түүнийг нэвтрүүлээгүй юм.
Мөн өчигдөр О.Цолмонгийн дүү О.Мичид гэгчийг баривчилсан гэнэ. Түүнийг баривчилсан нь Н.Энхбаярын хэрэгтэй холбоогүй хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм. Түүнийг түүхийн ховор эдлэлүүдийг хууль бусаар хилээр гаргах гэж байсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна. О.Цолмонгийн дүү О.Мичид нь 1994 онд Дүрслэх урлагийн музейн Сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан ажээ.
.
Н.Энхбаярын худ мөн л нэгжүүлэв
Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийхтэй зэрэгцэн түүний хүү Э.Батшугарын хадмын гэрийг АТГ-ынхан битүүмжилж, нэгжлэг хийсэн юм. Э.Батшугарын хадам ээж Ч.Долгормаагийн хэлж байгаагаар түүн рүү Ууганбаяр гэх хүн утасдаад “Танай гэрт ус алдаад байна, засах хэрэгтэй байна” гэж гэнэдүүлж Зайсан дахь “Дөрвөн уул” хотхонд байдаг гэрт нь дайран орсон гэнэ.
Тэрээр “Ямар үндэслэлээр манай гэрийг нэгжиж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд Н.Энхбаяр гэдэг хүнтэй өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анх удаа танилцаж, нүүр нүүрээ харалцсан. Түүнээс хойш нэг ч уулзаагүй. Миний охин Т.Даариймаа, Э.Батшугартай албан ёсоор гэрлээгүй. Яахав хүүхдийг нь төрүүлсэн. Тэглээ гээд манай гэрт дайран орж, гэр орныг маань бусниулж болохгүй биз дээ хэмээн тайлбар өгсөн юм.
.
АТГ-ын тайлбар өгсөнгүй
Өдрийн турш МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, О.Цолмонгоос мэдүүлэг авсан АТГ-ынхан 21 цагийн үед тэдний гэрийн арын хаалгаар жижиг автобусанд юм ачин тэндээ явсан. Авч явсан зүйл нь ногоон хайрцагтай бичиг баримт байсан юм. АТГ-ынхан даргынхаа гэрийн гадаа цугласан гишүүд дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулгарч, багагүй хэрүүл шуугиан болж байж тэндээс хөдөлсөн билээ.
Ямар үндэслэлээр нэгжлэг хийж байгаа талаар сэтгүүчдэд АТГ-ынхнаас мэдээлэл авах гэсэн боловч тэд татгалзан, сэтгүүлчдээс зугтсан юм.
.
Ардчилсан намынхан тохиролцооноосоо буцсан уу
МАХН-ын гишүүн, хуульч Л.Эрдэнэтуул нэгжлэгийн үеэр Н.Энхбаярын гэрийн гадаа ирсэн байсан. Тэрээр “АТГ-ынхан нэгжлэг хийх прокурорын бичиг баримтаа ч үзүүлэхгүй байна. Энэ шударга ёсонд нийцэхгүй. Уг нь АН-ынхан үүрэг хүлээж, Н.Энхбаяр даргад эмчлүүлэх боломжийг нь өгнө, улмаар цагаатгах талаар ярилцсан. Гэтэл хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Тийм болохоор АН-ынханд хандаж, та нар ичээчээ. Хэлсэн ярьсандаа эр хүн шиг хүрээч ээ. Одоо бүр авгай хүүхэн, хамаатан садангаар нь оролдож байна. Тийм мундаг юм бол өөрийнхөө намын шалгах ёстой хүмүүсээ шалгаач гэдгийг л хэлмээр байна” гэж байсан юм.
.
Ч.Ганзоригийг баривчилсан нь Н.Энхбаяртай холбоотой юу
Энэхүү дуулиантай зэрэгцэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг энэ долоо хоногийн эхээр баривчлсан гэх мэдээлэл байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан юм байх. Чухам хэний ямар компанид зээл олгуулсан нь тодорхойгүй байгаа ч МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор саатуулсан байх гэсэн таамаглал олны дунд байгаа юм. Учир нь Н.Энхбаярын хавтаст хэрэгт “Эрдэнэт” үйлдвэрт ганбөмбөлөг нийлүүлэх нэргээр их хэмжээний валют гаргуулж, хувьдаа ашигласан хэрэг давхар шалгагдаж байсан ч шүүхийн шатанд “нотлох баримт хангалтгүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.
.
Өчигдөр болсон энэхүү үйл явдлаас харахад Т.Билэгт эх орондоо ирж, АТГ-д байцаагдсанаар экс ерөнхийлөгчид холбоотой хэрэг улам задарч, энэхүү хэрэгтэй холбогдох хүмүүс нь ч нэмэгдэж байгаа бололтой. Аль эсвэл АН, МАХН-ын Н.Энхбаярыг суллах улстөрийн тохиролцоондоо хүрэхээр олны анхаарлыг татсан бас нэг томоохон авилгачийг гаргаж ирэх гэж байгаа ч юм бил үү. Үйл явдал хэрхэн өрнөж, Н.Энхбаяр болон түүний хамсаатнуудын хэрэг хаашаа эргэхийг гагцхүү цаг хугацаа харуулах нээ.
МАХН-ын гишүүд дэмжигчид Н.Энхбаярын гэрээс авч гарсан баримтыг шалгуул хэмээн АТГ-ын ажилчдыг хоргоож байгаа нь.
.
Д.Цэцэг, П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ