Шинэ төрөхийн барилгын ажил 65 хувьтай явна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2011 оны дөрөвдүгээр сараас эхлэн 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж байгаа билээ.
2013 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох уг эмнэлгийн барилгын ажил энэ сарын 5-ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тодруулбал, А, Б блокын диафрагм ханатай хэсгийн гадна ханын өрлөгийн ажил хийгдэж байгаагаас А блокны ажил 90 хувьтай, харин Б блок 60 хувьтай байгаа ажээ. 300 ортой төрөх эмнэлгийн барилгын зураг төслийг “Дархан строй” ХХК, “Марс констракшн” ХХК-ууд хийсэн бол барилга угсралтын ажлыг “Нийслэл-Өргөө” ХХК, “Пума констракшн” ХХК гүйцэтгэх юм.
Шинээр баригдаж буй Нийслэлийн дөрөвдүгээр амаржих газрын барилга нь үндсэн таван блоктой байх юм байна. А блок нь тэнхлэгээрээ 13,2х33,6м хэмжээтэй, техникийн болон зоорийн давхартай нийт найман давхар байх аж. Б, М, Г блокууд тэнхлэгээрээ 51,6х20м хэмжээтэй, долоон давхар байна. Харин Д блок нь тэнхлэгээрээ 15х21м хэмжээтэй хоёр давхар байхаар төлөвлөгджээ. Үлдсэн Е блок нь тэнхлэгээрээ 21,6х12м хэмжээтэй нэг давхар байна. Мөн хүчилтөрөгчийн дэд станцын Ж блокыг ч барихаар барилгын зураг төсөлд тусгасан байна. Одоогийн байдлаар А, Б, В, Г, Д блокуудын барилга угсралтын ажил батлагдсан зураг төслийн дагуу хийгдэж байгаа бол Е, Ж блокын ажил хараахан эхлээгүй байгаа аж.
Барилгын үндсэн хийц төмөр бетон каркасан бүтээцийн угсралтын ажил 4 блок /А, Б, В, Г/ - д дууссан, Д блокын хоёрдугаар давхрын арматурчлал хэв хашмалын ажил хийгджээ. Түүнчлэн гадна ханын өрлөгийн ажил 80 орчим хувьтай явагдаж байгаа юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ