Нийслэлийн архивийн шинэ байрны газрыг яаралтай шийдэхийг үүрэг болгов

img

  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн архивын хадгалалт хамгаалалтын нөхцөл болон архивын байртай болох тухай асуудлыг хэлэлцжээ. Нийслэлийн архивын газар нь нийслэлийн Засаг захиргааны гуравдугаар байр буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 330 метр квадрат талбай бүхий 3 өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тус архивын газрын санд нийт 71 569 ховор баримт хадгалагдаж байгаа ч байр нь стандартын шаардлага хангахгүй байгаа юм.   Тиймээс архивын байрыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн шинээр барих шаардлагатай болжээ. Урьд нь хоёр ч удаа нийслэлийн архивын байр барих газрыг шийдэж байсан ч газрын маргаантай гэсэн үндэслэлээр хойшлогдсоор 2012 оны 1 дүгээр сард нийслэлийн Засаг даргын Захирамжаар Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу хотын төв цэгээс 25 км зайтай Налайх явах зам дагуу 0,5 га газар олгосон байна. Энэхүү газарт барих архивын барилгын эскиз зургийг хийж баталсан бөгөөд оффис, нийтийн танхим, лабратори, хадгаламжийн сан, техникийн өрөөтэй байхаар төлөвлөжээ.   Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд иргэдэд үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагыг иргэддээ ойртуулж, үйлчилгээг сайжруулах нь чухал. Баянзүрх дүүргийн 11-р хороонд буюу хотын төв цэгээс 25 км зайд Нийслэлийн Архив байх нь тохиромжгүй. Харин хотын хаанаас ч очих боломжтой байршилд байх ёстой гэж үзлээ. Тиймээс нийслэлийн архивын барилгыг төрийн бусад үйлчилгээтэй зэрэгцүүлэн хотын төвд байхаар тооцон судалгаа хийж, боломжтой газрыг яаралтай олж тогтоохыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ