
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Үндэсний эрх чөлөөний 102 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар биеийн тамир, спортын салбарт олон жил идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүс болон олон улс, тив, дэлхийд спортын өндөр амжилт гаргасан тамирчдад төрийн одон хүртээв.
Волейболын спортын ахмад тамирчин Ж. Хаянхярваа, чөлөөт бөхийн ахмад дасгалжуулагч, олон улсын шүүгч Г.Баясгалан нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, 2011 оны Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д. Отгонцэцэг, Б. Оюунсүрэн, 2012 оны ДАШТ-ны хүрэл медальт Т.Мөнхтуяа, ДАШТ-ний шагналт V байр, Азийн спортын наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт Ж.Чулуунбат, 2007 оны боксын Ази тивийн аварга, Азийн спортын наадмын мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт З.Энхзориг, Паурлифтгийн ДАШТ-ны хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Ш.Ариунбаатар нарыг Алтан гадас одонгоор тус тус шагнасныг баяр наадмын босгон дээр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал гардуулсан юм.
Энэ үеэр ОХУ-ын Казань хотноо Дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцож байсан зарим тамирчдад дээрхи шагналыг өнөөдөр ССАЖЯ-ны харъяа Спортын Бэлтгэлийн Төвийн захирал, Монгол улсын гавъяат тамирчин Б.Наранбаатар гардуулав.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ