
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ.Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Баяр наадмын үеэр “Хүй долоон худаг”-т хурдан морь барианы газарт 3000 үзэгчдийн зөөврийн суудлыг шинээр байрлуулсан бол “Монгол наадам” цогцолборын хүрээнд “Хүй долоон худаг”-т бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, 2 үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол хийж, 361-ийн гармаас “Хүй долоон худаг” хүртэл 8,5 км автозам шинээр ашиглалтад оруулсан нь тав тухтай орчинд наадамлах нөхцөлийг хангасан арга хэмжээ болсон гэж зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун онцоллоо.
Цаашид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим барилгажих учраас автомашины зогсоолоос эхлэн хүндрэлтэй асуудлууд гарч ирнэ. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хүй долоон худагт барихаар НИТХ-аас шийдвэрлэсэн “Монгол наадам” цогцолборыг цаг алдалгүй ашиглалтад оруулах шаардалгатай гэж үзэж байгаа юм байна.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва энэ жилийн наадмыг амжилттай зохион байгуулж, гар бие оролцон ажилласан салбар хорооны гишүүдэд талархлаа илэрхийлээд, хоггүй, цэмцгэр орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө цаг наргүй ажилласан зам талбайн үйлчлэгч, жолооч, цагдаагийн алба хаагч нарт онцгойлон баяр хүргэлээ.
Тэрээр цаашид анхаарч ажиллах хэд хэдэн зүйл байгааг сануулсан юм. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн 12 000 гаруй суудалтай. Хотын нийт хүн амын 1 хувь нь л цэнгэлдэх хүрээлэнд орж наадам үзэж байна. Бид Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр сайхан болгохын тулд цаг алдалгүй “Монгол наадам” цогцолборыг барих ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна.
Тиймээс НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зорилт болон тусгагдсан “Монгол Наадам” цогцолбор барих ажлыг түргэвчлүүлэн, Засгийн газрын хуралдаанаар энэ онд хийх ажлын төлөвлөгөө болон санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэлээ.Тайлан хэлэлцэж дуусаад “Үндэсний их баяр наадам”-ыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж, урамшууллаа
.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ