Их дээд сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт дуусчээ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт дуусчээ. Энэхүү Төрийн өмчит их сургуулиудын шинэ захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт явагдаж дууссан бөгөөд шинэ захирлын албан тушаалд МУИС-д 10, ХААИС-д 7, ШУТИС-д 9, ЭМШУИС-д 13 зэрэг нийт 40 орчим хүн нэрээ дэвшүүлжээ.
Их, дээд сургуулийн захиралд нэрээ дэвшүүлэгчдэд докторын зэрэгтэй, тухайн их сургуулийн эрхэлдэг сургалтын аль нэг чиглэлээр дээд боловсролтой, тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн, боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, менежмент, эрх зүйн зохих мэдлэг, туршлагатай, байгууллагын хамт олон, сургалт, судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, хоёроос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй зэрэг шаардлагуудыг тавьжээ.
Сонгон шалгаруулалтын үнэлгээг онооны зарчмаар хийх бөгөөд 100 онооны үнэлгээтэйгээс босго оноо нь 80 гэнэ. Харин 80-аас дээш оноо авсан нэр дэвшигчийг төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд танилцуулах юм байна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс сургууль тус бүрээс нэг хүний нэрийг сонгож БШУ-ны сайдад танилцуулах ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ