62 мянган хүүхдэд уушигны вакцин хийнэ
Манай улсын 0-5 насны хүүхдийн нас баралтын хоёр дахь том шалтгаан нь уушгины хатгалгаа. Энэ өвчнөөр өвчлөх, эндэгдлийг бууруулахын тулд уушгины хатгалгаа өвчний эсрэг пневмококкын вакциныг дархлаажуултад үе шаттайгаар нэвтрүүлэх шаардлагатай гэж Дархлаажуулалтын зөвлөх хороо, Дархлаажуулалтын байгууллага хоорондын зохицуулах хорооныхон үзжээ.
Иймд пневмококкын вакциныг ирэх аравдугаар сараас нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 62 мянган хүүхдэд гурван тунгаар хийж, үр дүнг нь судлахаар болжээ. Prevnar 13 нь пневмококкын 13 валенттай коньюгат вакцин. Үүнийг хатгаа болон Streptococcus pneumonia нянгаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг. Энэ нян голдуу уушгинд хатгаа үүсгэнэ.
Үрэвссэн уушги шингэнээр дүүрч, тархи нугасны шингэн, цусанд нэвтэрч, аминд хүрдэг аюултай аж. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар уг вакциныг зургаан долоо хоногтойгоос таван настай хүүхдүүдэд дээрх нянгаас үүсдэг өвчин, дунд чихний үрэвслээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг 2010 оны хоёрдугаар сард зөвшөөрчээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ