
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, Д.Ганбат нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны Гадаад харилцааны хорооны дэд дарга
Ван Гуочин тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзаж ярилцлаа.
Ноён Ван Гоучин энэ үеэр “Бид өнөөдөр Хятадын гадаад харилцааны хороог төлөөлж ирсэн. Гэхдээ эдийн засгийн хороотойгоо нягт хамтран ажилладаг учир Хятад, Монгол хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны ард түмний амьжиргааг сайжруулах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахыг чармайж байна. Хятад улс шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд их амжилт олж, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх орны нэг болж, тэр хирээр ард түмний амьжиргаа ч сайжирч байна. Дэлхийн эдийн засаг 2008 онд хямралд ороход манай улсын эдийн засаг тогтвортой байсан нь үүнийг гэрчилнэ. Гэтэл дэлхийн эдийн засгийн хямрал удаан үргэлжилсээр байгаа хийгээд олон улсын эдийн засаг даяаршиж буй өнөөгийн нөхцөлд Хятад улс дангаараа сайн эдийн засагтай байх боломжгүй гэдэг нь тодорхой болоод байна. Бид улс орнуудтай харилцан давуу талаа ашиглан хамтран ажиллахыг зорьж байгаа бөгөөд Монгол Улстай эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх хүрээнд танай Эдийн засгийн байнгын хороотой хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бид эдийн засгаа хэрхэн илүү үр өгөөжтэй болгох, уул уурхайн бүтээгдэхүүндээ хэрхэн илүү өртөг шингээх талаар бодлого боловсруулан ажиллаж байна. Учир нь манай улсын эдийн засгийн өндөр үзүүлэлтэд алт, зэс, нүүрс зэрэг газрын баялгын олборлолт хамгийн их жин дарж байгаа. Мөн манай уул уурхайн экспортын 90 гаруй хувь нь Хятад улс руу гарч байна.
Монгол Улсад дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтыг амжилттай хийх нь тулгамдаж байгаа асуудал. Улмаар Хятад, Орос хоёр хөрш орныг холбосон төмөр зам, авто зам, нефтийн хоолой барих зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай бодлогоор хамтран ажиллахын төлөө байна гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хятад улс сүүлийн жилүүдэд Монгол улстай хиллэж байгаа хойд нутгаа хөгжүүлэхэд маш их хүч анхаарал тавьж байгаа. Энэ хөгжлийн эрч нь хөрш зэргэлдээ манай улсын ард иргэдийн амьжиргаанд ч эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Иймд Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд, парламентын олонхи болсон бүлгийн гишүүний хувьд Монгол, Хятад хоёр орны харилцааг үр өгөөжтэй, амжилттай үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө дэмжиж ажиллах болно гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ