П.Лхамдэгд цэвэр ялалтаар алтан медаль зүүлээ
Амстердамын гранпри тэмцээнээс -78 кг-д П.Лхамдэгд алтан медаль авч манай баг тамрчдын медалийн буухиаг үргэлжлүүлсэн байна. Тэрээр Камеруны Ванесса Мбаллаг 1 минут 34 секундэд цэвэр ялж наймд үлдээд Словенийн Анамари Веленсекийг вазари үнэлгээгээр хожигдож яваад 2 минут 23 секундэд мөн иппон буулгаснаар медалийн болзол хангасан.Улмаар хагас шигшээд залуучуудын ДАШТ, Европын насанд хүрэгчдийн АШТ-ий хүрэл медальтай, Германы Луисе Малзаныг юүкогоор хожиж, өөр нэг немц жүдоч, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, сүүлийн хоёр жилийн ДАШТ-д 5-р байрт шалгарсан Хайде Воллерттэй түрүү булаацалдан 3 минут 35 секундэд цэвэр яллаа. 738 оноотойгоор жиндээ есдүгээрт эрэмбэлэгдэж байгаа П.Лхамдэгд ийнхүү Гранприд түрүүлснээр 938 оноотой болж, долдугаар байрт дэвших нь.
Энэ өдөр барилдсан олимпийн аварга Н.Түвшинбаяр медалийн төлөөх барилдаанд 2009 оны дэлхийн аварга Казахстаны Максим Раковт нэмэлт цагт цэвэр ялагдсан. -100 кг-д 14-рт чансаатай Н.Түвшинбаяр Шведийн Мартин Пачекийг вазари, Румыний Даниэль Братаг юүко үнэлгээгээр ялан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.
Ийнхүү наймд үлдсэнээр тэрээр 40 оноо авч, 642 оноотой болон өмнөө байсан нутаг нэгт Б.Тэмүүлэн болон Гүржийн Леван Жоржолиани нарыг ардаа орхин, 12-т дэвших нь. Б.Тэмүүлэнгийн хувьд эхний тойрогт Румыний Даниэль Братад 3 минут 21 секундэд цэвэр ялагдсан. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдсан Х.Мөнхбаатар дэлхийн гурван удаагийн аварга Александр Михайлинтай таарч, хэн хэнээсээ үнэлгээ авч чадаагүй ч нэг торгууль илүү хүлээсэн манай бөх ялагдал хүлээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ