“Хадгаламж” Төрийн банкинд нэгдлээ
Монголбанкны захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж, "Хадгаламж банк"-ийг "Төрийн банк"-тай нэгтгэх шийдвэрийг гаргасан талаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганбат, Монголбанкнаас Эрх хүлээн авагч н.Аварзэд, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан нар оролцов.
.
“Хадгаламж банк” нь Монгол Улсын бүх аймаг, суманд 503 салбар нэгжээр дамжуулан банкны бүхий л төрлийн үйлчилгээ, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмж, орон сууцны хэрэглээний төлбөр зэрэг олон нийтэд үзүүлэх төрийн санхүүгийн үйлчилгээний 55 гаруй хувийг хариуцан гүйцэтгэдэг аж. Нийт 3268 ажиллагсадтай, банкны системийн нийт активийн 8 хувийг бүрдүүлдэг, томоохон банкны нэг тул Монголбанк, Засгийн газраас дээрх шийдвэрт хүрсэн байна.
.
Төрийн банкинд ийнхүү шилжүүлснээр тус банкинд 2011 оноос хойш үүссэн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэж, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалан, тус банкнаас иргэдэд үзүүлдэг банкны болон төрийн санхүүгийн үйлчилгээ хэвийн, тасралтгүй, саадгүй явагдах нөхцлийг хангана хэмээн мэдэгдлээ.
.
Хамгийн гол нь "Хадгаламж банк"-ны 1.7 сая хэрэглэгч, харилцагч нар /давхардсан тоогоор/ санхүүгийн ямар нэгэн эрсдэлд орохгүй бөгөөд тус банк маргаашнаас "Төрийн банк" нэрээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх аж. Харин харилцагчдын эзэмшдэг хадгаламжийн дэвтэр, цахим карт зэргийг 2-3 сарын дотор чирэгдэл учруулахгүйгээр үнэ төлбөргүй солих юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ