”Сайн үйлс -2010” зөвхөн үнэ цэнэтэй, сайнаар дурсагдах 10 үйл явдлыг сорчлон нэрлэнэ

img

Төслийн нэр: "Сайн үйлс 2010" Зохион байгуулагч: Шууд ТВ Төслийн зохион байгуулагчийн танилцуулга: Шууд телевиз нь 2010 оны 10-р сарын 15-наас эфирээ Сансар, Хийморь, Supervision кабелийн телевизүүдээр цацаж эхэлсэн, шинэ тутам мэдээллийн телевиз юм. Манай телевиз нь цаг үе, үйл явцыг байнга ажиглан харж, баримт, шинэ зүйлс, өөрлчлөлтийг сурвалжлан олоод, шууд түгээн цацаж, хүмүүс сонголтоо зөв хийх, шийдвэр гаргахад нь туслах цаг тутмын мэдээг хүргэж байх юм. Мэдээ олж түгээх нь бидний өдөр тутам, хором бүрийн хариуцлагатай ажил. Шинэ мэдээ олох, мэдээний туузыг тасралтгүй эргүүлж байх нь Монголын телевизийн зах зээл дэх бидний эрс онцлог ялгаа, эзлэх байр суурь. Тиймээс ч цаг тутмын 30 минутыг шинэ, шууд, шуурхай мэдээ, мэдээлэлд зориулж байна. Шууд мэдээ нь зөвхөн баримт нотолгоонд тулгуурласан, үнэн бодитой, хараат бус, чөлөөтэй, тэнцвэртэй байх бөгөөд мэдээнд телевизийн удирдлага, сэтгүүлчийн хувийн үзэл бодол, байр суурийг тусгахгүй. Мөн шууд мэдээнд улс төрийн сэдэв зонхилох байр суурь эзлэхгүй. Хүмүүсийн ажил төрөл, нийгмийн амьдрал, мөнгө, эдийн засаг байгаль орчин, боловсрол, соёл урлаг, спортын мэдээлэл зонхилно. Шууд телевиз үзэгчидтэйгээ архи, тамхийг ил далд аливаа хэлбэрээр сурталчлахыг хатуу хориглох, реклам зар сурталчилгаа эфирийн цагийн 15-аас доош хувийг эзэлж байх зэрэг заалт бүхий ил тод гэрээ байгуулсан. Шинийг санаачлан, сэдэж сэтгэж, амьдралаа өөд татаж яваа эгэл жирийн иргэдийг оролцуулдаг “Монголд амьдарч болно”, амьдралд хэрэгтэй шаардлагатай мэдээлэл хүргэж, мэдлэг олгож байх “Тустай мэдээ”, дампуурал ба ашиг, яг одоо ямар бизнес ашигтай байна вэ, өрнөөс сэргийлэх вакцин, маргааш саятан болох баримтуудыг дэлгэсэн “Бизнесийн судасны цохилт”, гэмт хэрэг зөрчлөөс иргэдийг анхааруулж, сэрэмжлүүлж, газар дээрээс нь мэдээлэх “Анхаар эрэн сурвалжлага”, ард түмний танил, амжилт ялалтын эздийн гэрт очиж, гэрэл зургийн цомгийг нь үзэгчдийн хамт сонирхох “18 зураг”, түрийвчиндээ зуун мянган төгрөгтэй ч зүрх сэтгэлдээ мөрөөдөлтэй эхэлсэн зуун зуун монгол хүмүүсийн нууцыг дэлгэх “Амжилтын нууц”, нийгмийг бухимдуулсан, ард иргэдийн эрх ашгийг ноцтойгоор хохироосон аливаа үйлдэл бүхнийг эрэн сурвалжилж, халуун цэгээс хүргэж байх “Ардын элч”, авто ертөнцийн сонин сайхан содон мэдээлэл, зөвлөгөө бүхий “Монгол ба Автомашин” зэрэг нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгож эхлээд байна. Төслийн танилцуулга: “Сайн үйлс 2010” төсөл нь 2010 онд болсон үйл явдлуудаас зөвхөн үнэ цэнэтэй, сайнаар дурсагдах 10 үйл явдлыг сорчлон нэрлэж, олон түмэнд сурталчлан таниулж, зохион байгуулсан хувь хүн албан байгууллагыг урмаар тэтгэх зорилготой юм. Сүүлийн жилүүдэд төрийн болон төрийн бус байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон арван шилдэг, топуудыг нэрлэх үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн. Энэхүү арга хэмжээнүүд хэт олширсон, хавтгайрсан, өнгө мөнгө хөөцөлдсөн, бодит үнэнд төдийлөн нийцдэггүй зэргээс шалтгаалан нийгмийн бухимдал дургүйцлийг хүргэн, үнэ цэнэ нь унаад байгаа билээ. Харин Шууд телевизээс зохион байгуулж буй  “Сайн үйлс 2010” арга хэмжээ нь нийгэмд болж өнгөрсөн үйл явдлуудад дүн шинжилгээ хийн, олон түмний сэтгэлд хүрсэн, олон нийтийн санаа бодолд эерэг таатай уур амьсгал төрүүлсэн, үндэсний эрх ашигт нийцсэн, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудаас тодорхой хүрээнд шийдсэн гэх үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, зөвхөн сайн сайхан үйл явдал, үйл явдлын эздийг нэрлэж, шинэ оны босгон дээр олон нийтийн итгэл, эерэг үнэлэмжийг дамжуулан хүргэж, урмаар бэлэг барих юм. Төсөлд хамтран ажиллах, сайн үйлсийг нэр дэвшүүлэх, дэмжин оролцох, ивээн тэтгэх санал хүсэлтийг нээлттэй хүлээн авах бөгөөд төслийн талаарх санал хүсэлтийг телевиз дээрээ болон утас, цахим шуудан тусгай дугаар зэргээр байнга хүлээн авч ажиллана. Сайн үйлсэд нэр дэвшиж буй үйл явдлуудыг ерөнхийд нь эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн, дэвшилтэт санаа, урлаг соёл, спорт гэж төрөлжүүлэх бөгөөд нийтдээ төрлөөр тодруулан нэрлэнэ. Тодорсон үйл явдлыг телевизээрээ өргөн хүрээнд сурталчилж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүн, албан байгууллагын төлөөллөөр урамшууллаа түгээн хүргүүлнэ. "Сайн үйлс 2010"-т нэр дэвшиж байна 1.    "Өгөх өдөр"-зохион байгуулагч “Өгөх өдөр” ТББ- Саяд нэг тохиолддог булчин агших өвчин туссан 1 нас 8 сартай Удвал охиныг эмчлүүлэхэд шаардлагатай байгаа 40 сая төгрөгийг цуглуулах аян зохион байгуулж, Монголд анх удаа “Өгөх өдөр”-ийг санаачилсан. “Том болоорой Удвал” санг нээгээд байгаа. Өгөх өдөр аянаар 25 сая төгрөг хуримтлуулж чадсан. Эмчилгээний зардлыг үргэлжлүүлэн цуглуулсаар, Удвал охин Солонгос улсад эмчилгээ шинжилгээнд хамрагдаж байгаа болно. 2.    Монгол охин дэлхийн оюуны олимп, шатрын спортод тэргүүлсэн амжилт. ШОУХМ Д.Номин-Эрдэнэ шатрын спортоор хичээллэж, улмаар 2010 онд дэлхийн оюуны спортын 10 насны ангилалд аварга болж, монгол хүний оюуны чадавхийг дэлхийд гайхуулж чадсан, үүгээрээ монгол хүний үнэлэмжийг дэлхий нийтэд өсгөсөн үйл явдлыг бид онцлон нэр дэвшүүлж байна. 3.    Өгөөмөр сэтгэлт их аварга Асашёорюү Д.Дагвадорж. “Шууд” телевиз Их Аварга Д.Давгадоржийг сумогийн дэвжээнээс зодог тайлсан үйл явдлыг бус 5 настай нүдний хорт хавдартай А.Одгийв хүүгийн эмчилгээний зардалд 5000 доллар бэлнээр өгч, буяны гараа сунгасан өгөөмөр сэтгэлийг онцолж байна. 4.    Замын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн жил – НЗДТГ. Зам дагаж хөгжил ирнэ. МУ түүхэндээ байгаагүй их хөрөнгө оруулалтыг замын салбарт хийснээр нийслэлийн авто замын дийлэнх нь шинэчлэгдсэн үйл явдлыг “Шууд” телевиз онцолж байна. 5.    Жэки Чан Монголд ирж буяны гараа сунган, сургууль барихаар болж, өөрийгөө Монгол хэмээн мэдэгдсэн явдал. Холливудын алдарт жүжигчин Жэки Чан манай улсад айлчлан хөгжлийн бэрхшээлтэй болон орон гэргүй хүүхдүүдэд хандив өргөн, хандивын уулзалтад оролцсон, түүнчлэн өөрийгөө Монгол хүн хэмээн бахархаж, элэг нэгтэйгээ илэрхийлэн, Монголд сургууль барихаар болсноо мэдэгдсэн үйл явдлыг “Шууд” телевиз онцолж байна. 6.    Малчдаа дэмжсэн өгөөмөр нийслэлийнхэн - Өнгөрөгч өвөл зудын аюулд нийтдээ 5,8 сая толгой мал хорогдон, хөдөөгийн ард түмэн хүнд байдалд ороход нийслэлчүүд чадах чинээгээрээ хандив тусламжийн гараа сунган 5,3 тэрбум төгрөгийг цуглуулж, малчдын бэрхшээлийг хамтдаа даван туулсан үйл явдлыг “Шууд” телевиз онцолж байна. 7.    "Өндөр ээж"- тэргүүн хатагтай Х.Болормаа - 30 гаруй өнчин хүүхдийг ивээлдээ авч, зөв хүн болгон төлөвшүүлэхээр хичээж яваа буянт ээж. 8.    Монголчууд дэлхийн зах зээлд гарлаа. Монголоос анх удаа Монгол Майнинг Корпорэйшн Хонконгийн бирж дээр 681 сая долларын хувьцаа борлуулж,  дэлхийн мөнгөний урсгалыг өөрийн орон руу хандуулж чадсан үйл явдлыг “Шууд” телевиз онцолж байна. 9.    Дэлхийд данстай эрдэмтэн Р.Барсболдоор Монголчууд бахархаж байна – Дэлхийн түүхэнд ганцхан хүн эзэмшиж буй дэлхийн ШУ-ын академийн тэргүүн дээд шагналаар шагнагдсан хоёр дахь хүн болсон Монголын бахархалт эрдэмтэн Р.Барсболдыг “Шууд” телевиз онцолж байна. 10.    Даамчин Д.Эрдэнэбилэг Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүллээ. Дэлхийд данстай тамирчин их мастер Д.Эрдэнэбилэг Монголын даамны аваргаар арав дахь удаагаа түрүүлсэн, түүнчлэн энэ жил Азийн аваргыг дөрөв дэх удаагаа хүртэн, Азийн номер нэг тамирчин болоод буйг “Шууд” телевиз онцолж байна. 11.    Цэвэр агаарыг бэлэглэгч ЧД-ийн 12-р хорооныхон - ЧД-ийн 12-р хорооны 1500 өрх утаагүй тулш, дулаанаа алддаггүй дээвэр туурга хэрэглэж, нийслэлийнхээ утааг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа үйл явдлыг “Шууд” телевиз онцолж байна.. 12.    ҮЕТI сургалтын төвийнхний Зайсан толгойн зад цэвэрлэгээ - Түүхэндээ анх удаагаа нийслэлчүүдийн гадна дотныхонд нүүр тахалж, дурсгалт өдрүүдээрээ зорин очдог Зайсан толгойг угаалгын нунтагаар угааж цэвэрлэсэн сургалтын төвийнхөн. “Ует” сургалтын төвийнхний санаачлагаар зайсан толгойг хоггүй болгож, хөшөө дурсгалыг воок, савангаар өнгөлөн угаасан үйл явдлыг “Шууд” телевиз онцолж байна. 13.    Монгол улс хүн амаа тоолж, хурууны хээний сантай боллоо. Интернэтээр анх удаагаа гадаадад суугаа иргэдээ тоолж байна. Түүнчлэн хурууны хээ авч, иргэн бүр мэдээллийн дэлгэрэнгүй сантай болж буйг “Шууд” телевиз онцолж байна. 14.    “Тусгай салаа” кино залуучуудыг байлдан дагуулав-Уг киног гарснаас хойш залуучууд цэргийн алба хаах сонирхол өндөртэй болж, цэрэг армийн салбарын нэр хүндэд эерэг нөлөө үзүүлсэн үйл явдлыг “Шууд” телевиз онцолж байна. 15.    Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа “Esquire” сэтгүүлийн шилдэгт багтлаа– Дэлхийн хэвлэл мэдээллийн магнатууд нэр алдартнуудыг төрөл бүрийн амжилтаар нь жагсаан дэлхий нийтэд мэдээлдэг. Тэдгээрийн нэг “Esquire” сэтгүүл дэлхийн шилдэг 195 эмэгтэйг нэрлэж, хамгийн сэтгэл татам байдлаар нь эрэмбэлэхэд МУ-ын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа олимпийн алтан медаль гардан авсан тэрхүү торгон агшныхаа зургаар багтаж, монгол эмэгтэйчүүдийн чансааг дэлхийн тавцанд үнэлүүлсэн үйл явдлыг “Шууд” телевиз онцолж байна. 16.    Боловсролын салбарт шинэ дэвшил гарлаа -Их Британийн Гадаад харилцааны сургууль, АНУ-ын Калифорнийн их сургуулийн Бизнесийн удирдлагын сургуулийн салбар болох “Роял академи”-ийг үүсгэн байгуулж, Монгол залуусын боловсролыг чанаржуулахад нөлөөлж буй үйл явдлыг “Шууд” телевиз онцолж байна. 17.    Эрүүл мэндийн салбарт ахиц гарч байна-1-р төрөхийн бүрэн шинэчлэл – Шинэ мэндлэх иргэддээ шинэ төрөх эмнэлэг байгуулахаар шав тавьсан, хуучин төрөхийг сэргээн засварласан ЭНЭШТ-ийн цуснытасгийн шинэчлэл.- ЭНЭШТ-ийн цусны тасгийг ЭМ-ийн сайдын багцаас 83 сая төгрөг гарган иж бүрэн тохижуулан, бүрэн ашиглалтанд өгсөн явдал. 18.    DG Өүжи хар тамхины эсрэг – Нэгэн цагт хар тамхитай холбогдож явсан ч өнөөдөр хар тамхины хор хөнөөлийг залуучуудад сурталчилж яваа ДЖэй Өүжи нэрээрээ танил болсон Өлзий-Орших хэмээх залуугийн гэмээ ухаарч, бусаддаа тусалсан үйлдлийг “Шууд” телевиз онцолж байна. 19.    Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган ВВС-д онцлогдов. Олимпийн алтан медальт, хөдөлмөрийн МУ-ын баатар, боксын тамирчин Э.Бадар-Ууган дэлхийн шилдэг 26 тамирчний нэгээр тодорч ВВС-д онцлогдон нэг өдрийнхөө амьдралаа дэлхий нийтэд цацуулсан үйл явдлыг “Шууд” телевиз онцолж байна. 20.    Аялагч Амай дэлхийг тойрсон аяллаа өндөрлөлөө- Аялагч Амай буюу Ж.Золбаяр дэлхийг явганаар тойрон аялах аяллаа дөрвөн жил зургаан сарын турш үргэлжлүүлэн амжилттай өндөрлөсөн, улмаар өөрийн аяллын түүхээр ном гарган, залуучуудад үлгэр дуурайл болж буйг “Шууд” телевиз онцолж байна. 21.    Энхийг сахиулагч Г.Мөнхгал алдар. Энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд Чадад алба хааж байсан Г.Мөнхгал зэвсэгт дээрэмчин, амиа золиослогчийг барьж, Монгол эрийн эр зоригийг харуулан, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан үйл явдлыг “Шууд” телевиз онцолж байна. 22.    Монфрэш ХХК-ийн “Сүүн сэтгэл” аян олны талархал хүлээж байна. Хувийн хэвшлийн компани нь худалдан авагчтайгаа нэгдэн сайн үйлсийн аян зохион байгуулж, олон үр дүнтэй ажлуудыг хийж болдог гэдгийг бүрэн утгаар нь харуулсаар ирсэн, цаашид ч үргэлжлэх энэхүү “Сүүн сэтгэл” аян энэ удаад ЭНЭШТ-д хүүхдийн амьсгалын аппарат өгөхөөр болоод байгааг онцолж байна. 23.    Монгол наадам Юнескод бүртгэгдлээ. Өмнөд хөрш Монгол хөөмийг өөрийн нэр дээр Юнескод бүртгүүлсэн нь Монголчуудыг ихээхэн цочроосон билээ. Тэр ч утгаараа энэхүү асуудалд салбарынхан нухацтай хандан хөөмий, эрийн гурван наадмаа Монгол улсын биет бус соёлын өвд бүртгүүлэн дархалсан явдлыг ”Шууд” телевиз онцлон нэрлэж байна. 24.    НХХ-ийн сайд Т.Гандигийн санаачилсан “Гэртээ харих зам” зорилтот нэвтрүүлэг – НХХ-ийн сайд Т.Гандигийн санаачлан UBS телевизтэй хамтран хийсэн “Гэртээ харих зам” зорилтот нэвтрүүлэг орон гэргүй тэнүүлч хүүхдүүд, эцэг эх нь архинд донтсоноос гудамжинд гарч, сургууль завсардсан гэх зэрэг эмзэг бүлгийн хүүхдүүдийг гэгээрүүлэх, сурч боловсроход нь санаа тавьж, орон гэтэй болгож, эцэг эхийг нь архидан донтох байдлаас гаргах зэргээр цөөн боловч хүүхдүүдэд гэрэл гэгээ өгч чадсан үйл явдлыг телевиз онцлон нэрлэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ