Ш.Батхүү: Миний алдаа бол "Монгол газар"-тай холбогдсон явдал
“Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэх болсон. Үүнд “Жаст”-ын Ш.Батхүүгийн гурван жилийн өмнө “Стандарт” банкнаас мөнгө зээлж авахын тулд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан, авсан их хэмжээний зээл банкны активаас давж, чанаргүй зээлд шилжсэн нь нөлөөлсөн гэх мэдээлэл тархаад байгаа. Харин энэ бүхэнд "Жаст” группийн захирал Ш.Батхүү хариулт өглөө.
Тэрбээр “Анх дампуурлын эрмэгт байсан “Хадгаламж” банкийг авч хөл дээр нь босгосон. Тухайн үед 80 тэрбум төгрөгийн активтай байсан. 40 гаруйхан салбар нэгжтэй, байр тогны мөнгө хурааж авахаас өөр зүйлгүй, өөрийн гэсэн хөрөнгөгүй байсан тус банкийг өдгөө 200 тэрбум төгрөгийн активтай болгосон. Өөрөөр хэлбэл, анх авсан үеэсээ активын 12 дахин өсгөж чадсан” гэдгээс яриагаа эхэллээ. Тэрбээр цааш нь “Одоо Төрийн банктай нэгдээд байгаа “Хадгаламж” банкийг би дампууруулчихсан юм биш. Ер нь “Хадгаламж” банк дампуураагүй шүү гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Хүмүүсийн яриад байгаа шиг “Хадгаламж” банкийг улсын мөнгөөр авраад байгаа зүйл байхгүй. Бид Төрийн банкинд 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө нийлүүлсэн. Би төрөөс гаргасан шийдвэрийг хүндэтгэнэ. Манай “Жаст” групп Засгийн газрын зарласан махны болон шатахууны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зээл авсан. Энэ бүхнийг эргэн төлөх нь мэдээж” гэлээ.
.
Мөн “Би 2008 онд Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж 20 сая ам.долларын зээл авсан минь үнэн. Гэхдээ тэр зээлээ төлчихсөн. Харин сүүлд “Стандарт” банкнаас зээл авсан. Тэрийгээ зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг асуудал бий. Энэ зээлийнхээ ихэнхийг би “Хадгаламж” банкинд нийлүүлсэн” гэсэн юм. Мөн хэвлэлийн хурлын үеэр “Олон овоот”-ын асуудал ч яригдав. Гурван ч банкны барьцаанд байсан "Монгол газар" компанийн "Олон овоот"-ын алтны ордыг 2009 онд "Жаст" группийн захирал Ш.Батхүү авсан. Ц.Мянганбаяр "Анод", "Зоос", "Хадгаламж" банкуудад тус тус 40, 50,20 сая ам.долларын барьцаанд "Олон овоот"-ын алтны ордоо барьцаалчихаад зээлээ эргэн төлөөгүй Ш.Батхүүд зарсан гэдэг билээ. Энэ талаар Ш.Батхүү хэлэхдээ “Анх Ц.Мянганбаяр 25 тоннын алтны нөөцтэй хэмээн надад Олон овоотын лицензийг худалсан. Гэтэд нөөц нь 4 тонн орчим л байсан. Үүнийг Хууль хяналтынхан шалгах байх. Ер нь миний алдаа бол "Монгол газар"-тай холбогдсон явдал. Одоо 4 тонн алтыг гаргахаар олборлолт хийвэл ашгаасаа илүү зарлага гарахаар байгаа. Хэрвээ Олон овоотоос алт гарсан бол бүх зээлээ төлчих байсан" гэсэн юм. Ийнхүү Ш.Батхүү “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-эд, “Олон овоот”-оо Г.Алтанд, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкыг Төрийн банкинд нэгтгэжээ. Удахгүй бид Ш.Батхүүтэй хийсэн ярилцлагыг хүргэх болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ