Д.Дагвадорж: 14 орны 350 хүүхэд 120 медалийн төлөө өрсөлдөнө
Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ. Манай улсад анх удаа болж байгаа Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны 14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спортын цогцолборт явагдана.
.
Тэмцээнийг удирдахаар Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гаас дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда /Япон улсын иргэн/, Товчооны гишүүн Наталья Ярыгина /ОХУ-ын иргэн/ нар, техникийн зааварлагчаар Ким Ик-Жонг /БНСУ-ын иргэн/, Сайто /Япон улсын иргэн/ нар ирнэ. Тэрчлэн Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Раж Сингх, Raj Singh /Энэтхэг улсын иргэн/ ирсэн байна.
.
Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний талаар өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда, Солонгосын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Ким Ик-Жонг нар мэдээлэл өглөө.
.
Энэ үеэр Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда “Японы сумогийн дэвжээнд монголын нэрийг гаргаж явсан ноён Асашёорюү Д.Давгадорж МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдалд Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны зүгээс маш талархалтай хандаж байгаа. Маргаашнаас хойш тав хоног үргэлжлэх Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн маш амжиллтай болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм.
.

.
-Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд нийт хэдэн хүүхэд оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа вэ?
- Тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөхчүүд өрсөлдөнө. Тэд нийт 30 жинд 120 медалийн төлөө хүчээ үзнэ. Харин манай улсаас 30 тамирчин оролцоно. Тэдний дотор Увс, Өвөрхангай аймгаас ирсэн хүүхдүүд ч бий. Эдгээр тамирчин хүүхдүүд бүгд улсын чанартай тэмцээнд тодорхой амжилт үзүүлж байсан.
.
-Хэдээс доош насны хүүхдүүд оролцох вэ?
-15-аас доош насны тамирчид оролцоно. Тэдгээр хүүхдүүд тухайн улсдаа улсын чанартай тэмцээнд түрүүлсэн тамирчид байх болно. Өөрөөр хэлбэл, чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багууд ирж оролцоно гэсэн үг. Тэр утгаараа тэмцээн маш сонирхолтой болно. Ер нь хүүхдүүд ямар нэг барилдаанд чин сэтгэлээсээ хандаж барилддаг.
.
-Манай улс чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ баг гэж бий юу?
-Байхгүй. Манай улсад Насанд хүрэгчдийн шигшээ баг л гэж бий. Энэ удаагийн тэмцээнээс Монголын чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх зорилготой байгаа.
.
-Тэмцээний тасалбар ямар үнэтэй вэ?
-Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн ямар ч тасалбар, үнэ төлбөр байхгүй. Бөх сонирходог хүн бүхэн ирж үзэж болно. Мөн манай “Асашёорюү сан”-гаас асрамжийн газрын хүүхдүүдэд автобусаар үйлчилж, өдрийн 3 хоолтой уг тэмцээнийг үзүүлэхээр болсон. Тэмцээний нийт зардал 350 сая төгрөг болсон.
.
- МЧБХ цаашид ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ирэх жил МЧБХ Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнийг зохион байгуулахаар хөөцөлдөж байна. Энэ тухай өргөдлөө Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоонд гаргасан байгаа. Тиймээс энэ удаагийн Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнийг дараа жилийн тэмцээний бэлтгэл гэж бодож байгаа.
Мөн ирэх 2015 онд Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулна.2016 оны Олипид орох эрхийн тэмцээн Улаанбаатарт зохион байгуулахаар ярьж байна. Эх орондоо олипийн эрх авна гэдэг монгол тамирчдын хувьд маш том боломж байгаа. Ер нь МЧБХ олон тамирчинг олимпийн эрхийг авхуулахын тулд гадаад харилцаандаа их анхаарч ажиллаж байгаа.
.
-Яагаад мазаалай баавгайг Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний лого болгосон бэ?
-Энэхүү тэмцээний бэлгэ тэмдгээр говийн нэн ховор амьтан мазаалайг сонгосон нь учиртай. Зөвхөн манай улсад амьдардаг, устаж үгүй болох дээрээ тулсан мазаалайг Үндэсний бахархалт амьтан болгох санаачлагыг манай холбоо дэмжин ажилласан. Тиймдээ ч дэлхий дээр 25-хан ширхэг байдаг амьтныг дэлхийд таниулахыг хүссэн. Эцэст нь хэлэхэд, Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцох нийт тамирчиддаа амжилт хүсье. Мөн үзэгчдийг өргөнөөр ирж үзэхийг уръя.
.
-Баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ