Жинст суманд онц аюултай үзэгдэл болжээ
Баянхонгор аймгийн Жинст сумын Ноён уулын ойролцоо байгалийн онц сонин, аюулт үзэгдэл болжээ. Тодруулбал, энэ сарын 22-нд буюу уржигдар үдийн алдад тэнгэрээс бөөн цагаан үүл хуралдаж, хуй салхилан эргэлдэж ойр хавийн том жижиг чулуунуудыг хуу татан авч, чулуун овоо эргэлдээд байна уу гэлтэй үзэгдэл болсон байна. Уг эргүүлэг маш их эрчтэйн дээр эргэлдэн мушгиралдсаар замдаа таарсан айлын гэр, хашаа хороо саравч зэргийг зомгол, машин тэргийг базаад хаясан цаас мэт болгосон байсан гэнэ. Азаар тус тойргоос хүмүүс зугатаж чадсан учраас хүний амь нас эрсдээгүй байна.
Уг үзэгдэл дайрсан газар нэлээд гүн ухагдаж хөрсийг сэндийчсэн мэт болсон байсан гэнэ. Мөн тэрхүү аймшигт үзэгдэлд өртсөн айлуудын эд хөрөнгө хоёр километр орчмын зайтай газраас олдоход ширмэн зуух мэтийн хүнд төмөр эдлэлүүд дахин ашиглагдахааргүй болтлоо эвдэрсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Одоогоор тус газарт аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн тус газарт ажиллаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ