Эдийн засгийн эрх чөлөө Монголд байна уу

img

Иргэн таны   өөрийн  ажил хөдөлмөр болоод өмч хөрөнгөө захиран зарцуулах үндсэн эрхийг тань   Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд байгаа юм.   Зах зээлийн  нийгэмд  та хүссэнээрээ хөдөлмөрлөж, хөрөнгө оруулж, үйлдвэрлэж  бас  хэрэглэх эрхтэй.  Харин  энэ эрхийг засгаас   саад бэрхшээл учруулахгүйгээр  дэмжиж байх үүрэгтэй. Үүний тулд Засгийн газраас ажиллах хүч, хөрөнгө, бараа таваарыг чөлөөтэй шилжүүлэх боломжоор хангаж өгөх нь чухал байдгийг эдийн засагчид хэлж байна. Тэгвэл өнөөдрийн Монголд Эдийн засгийн эрх чөлөө байна уу.  Энэ асуултад  ҮХШХ ийм хариу өгч байна.

Эдийн засгийн эрх чөлөөг хэмжихдээ 10 шалгуур үзүүлэлтийг тулгуур болгон ашиглаж тус бүрд 0-100-гийн хооронд харьцуулж оноог өгдөг байна.  Улмаар  шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээг дундажлан, тухайн улсын эдийн засгийн эрх чөлөөний индексийг гаргадаг жишиг  байна. Тэгэхдээ Статистик тоо баримт мэдээллийг ашиглан олон улсын нэр хүндтэй байгууллагуудын боловсруулан гаргасан судалгаан дээр үндэслэн индекс оноог өгдөг юм.

Тэдгээр нь,  Бизнесийн эрх чөлөө, Худалдааны эрх чөлөө, Төсвийн эрх чөлөө, Засгийн газрын зардал, Мөнгөний эрх чөлөө, Хөрөнгө оруулалтын эрх чөлөө, Санхүүгийн эрх чөлөө, Өмчийн эрх чөлөө, Авлига, хээл хахуулийн эсрэг эрх чөлөө, болон Хөдөлмөрийн эрх чөлөө гэсэн  10 шалгуур аж.

Өнгөрөгч 2010 онд  Эдийн засгийн эрх чөлөөний индексийн 1-р байранд Хонгконг шалгарсан бол  Сингапур,   Австрали улсууд  удаалжээ. Түүнчлэн,  Европ болон Америк тивийн өндөр хөгжилтэй улсууд жагсаалтын эхний байруудыг эзэлсэн байна. Харин  манай улстай эдийн засгийн бүтцийн хувьд төстэй, тодорхой талуудыг нь дагаж явах нь зөв гэгдэж ирсэн,    уул уурхай болон хөдөө аж ахуйн салбартаа эдийн засаг нь түшиглэдэг Чили улс жагсаалтын 10-дугаар  байрт орж, бүс нутагтаа эдийн засгийн эрх чөлөөтэй орноор шалгарсан үзүүлэлт байна.

Тэгвэл манай улс дээр дурдсан эдийн засгийн 10 шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж буйг тухайлан  хүргэхээс өмнө  манай улсын  2010 оны Эдийн засгийн эрх чөлөөний индекс өнгөрсөн жилийнхээс  2.8 оноогоор буурсан үзүүлэлттэй  гарсныг дуулгая.

Энэ бууралт нь мөнгөний эрх чөлөө, хөрөнгө оруулалтын эрх чөлөө болон засгийн газрын зардлын индекс буурснаас үүдэлтэй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.  Тэгэхдээ манай улсын индексийн ерөнхий үзүүлэлт нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үнэлгээнээс өндөр буюу харьцангуй эдийн засгийн эрх чөлөөтэй орнуудын бүлэгт хамрагдаж чаджээ.  Тодорхой хэлбэл, Монгол улс  бүс нутагтаа 41 улсаас 15-дугаарт  жагсаад байна.

Ерөнхийдөө бол,  хувийн хэвшлийг дэмжих хандлагыг  эдийн засгийн байдлаас харж болно.  Хувь хүний болон аж ахуйн нэгж, байгууллагын албан татварын хэмжээ нь өрсөлдөхүйц,   тарифын саад тотгор дундаж хэмжээнд гэж ҮХШХ үзэж байна.  Гэхдээ тарифын бус зохицуулалт нь худалдааны эрх чөлөөний үзүүлэлтийг ихээхэн доош нь  чангааж байгааг тэд  хэлж байна.

Түүнчлэн, хувьчлалын асуудал дээр ахиц гарч байгаа ч эдийн засаг дахь төрийн оролцоо тодорхой түвшинд байсаар,   уул уурхай зэрэг стратегийн ач холбогдолтой салбаруудад төр оролцоогоо нэмэгдүүлэх хууль, тогтоомжийг батлан гаргасан нь Эдийн засгийн эрх чөлөөнд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь тодорхой юм.  Мөн  Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулахаар ажиллаж байгаа ч төсвийн зардал өссөөр, алдагдал нэмэгдсээр 2011 оны Монгол улсын төсөв түүхэндээ байгаагүй их алдагдалтай гэгдэж буй билээ.  Ер нь бол  хууль хүчний байгууллагад нүүрлэсэн  сул  тогтолцоо нь авлига, хээл хахуулийг илүү өндөр төвшинд дэлгэрүүлэх магадлалыг бий болгосоор байгаа юм.

Манай улс  Эдийн засгийн 10 шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж буйг хүргэе. Эдийн засгийн эрх чөлөөний индексийг гаргахдаа   шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээг дундажлан  0-100-гийн хооронд харьцуулж оноо өгдөг  гэдгийг дээр дурдсан билээ.

Дэлхийн дундаж болох 218 өдрөөс бага гэв Бизнесийн эрх чөлөө  69 оноо авчээ.  Манай улсад  бизнес эрхлэх эрх зүйн орчин нь харьцангуй сайн хамгаалагдсан. Шинээр бизнес эрхлэхэд дэлхийн хэмжээнд дунджаар 35 өдөр шаардагддаг бол  манайд  13 өдөр шаардагддаг гэж үзсэн байна. Бизнес эрхлэх зөвшөөрөл авахад   дэлхийн дундаж болох 218 өдрөөс бага хугацаа шаардагддаг гэж үзжээ.

Худалдааны эрх чөлөөний индексээс 10 оноо хасагджээ

Худалдааны эрх чөлөөний индекс   79.8 байна.   2008 онд манай  улсын тарифын хэмжээ 5.1 хувьтай байв. Худалдааг хөнгөвчлөх явц урагшилж байгаа ч импорт болон экспортын хязгаарлалт, үйлчилгээний зах зээлийн хориг, оюуны өмчийн эрхийг хамгаалах тогтолцоо сул, гаалийн хяналтын хэрэгжилт үр дүн муу, тогтмол бус, хээл хахуульд өртсөн байгаа нь худалдааны зардалд сөргөөр нөлөөлжээ.   Тарифын бус хоригийн улмаас 10 оноог индексээс хассан байна.

Санхүүгийн эрх чөлөө  81.9 оноотой Манай улсын  хувь хүний орлогын татварын хэмжээ доогуур, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын татварын хэмжээ дундаж түвшинд байна. Хувь хүний орлогын албан татвар жигд 10 хувь бол аж ахуйн нэгж, байгууллагынх дээд түвшин нь 25 хувь юм. Мөн үүн дээр нэмүү өртгийн албан татвар (НӨАТ), архи, болон тээврийн хэрэгсэлд ногдуулдаг онцгой албан татвар, ногдол ашгийн татвар байна.  Сүүлийн жилүүдэд татварын нийт орлого нь ДНБ-ий 33 хувийг эзэлж байна.

Засгийн газрын зардал өндөр байна Манай улсын Засгийн газрын нийт зардал нь харьцангуй өндөр байна. Тиймээс энэ индекс 56.7  оноотой байна. Сүүлийн жилүүдийн статистик үзүүлэлтээс харахад Засгийн газрын зарлага ДНБ-ий 38 хувийг эзэлж байгаа юм.

Мөнгөний эрх чөлөөнөөс  5 оноо хасагджээ 2006-2008 онуудад инфляц 20.2 хувь хүртэл өссөн ч 2009 онд үнийн өсөлт тогтворжсон. Хэдийгээр ихэнх үнийн хяналт, татаасны арга хэмжээнүүд аажмаар багасч байгаа ч Засгийн газар тодорхой зохицуулалтаар үнийн өөрчлөлтөд нөлөөлж байна. Төрөөс зах зээлд оролцож, түүхий эдийн үнэнд нөлөөлөх асуудал гардаг ба агаарын тээвэр болон түлшний үнийг зохицуулсаар байгаа юм. Үүний улмаас мөнгөний эдийн засгийн индексээс 5 оноо хасагдаж   66.5 болсон байна.

Хөрөнгө оруулалтын эрх чөлөө сул байна Гадаадын болон дотоодын хөрөнгө хуулийн дагуу ижил эрхтэй байна. Газрын тосны олборлолт болон уул уурхайн стратегийн орд газруудтай холбоотой гадаадын хөрөнгө оруулалтад нэмэлт зохицуулалт болон хориг тавигддаг. Хөрөнгө оруулалтыг дэмжих, зохицуулах тогтолцоо нь хөгжиж байгаа ба хөрөнгө оруулалттай холбогдолтой хууль дүрмүүд нь тогтмол шинэчлэгдэж байдаг. Ил тод бус төрийн хүнд суртал нь авлига, хээл хахуульд өртөх, гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд сул нөлөөлж байна. Тиймээс Хөрөнгө оруулалтын эрх чөлөө - 50.0 оноо авчээ.

Санхүүгийн эрх чөлөөнд 60 оноо өглөө Банкны салбарын шинэчлэлийн үр дүнд хувийн хэвшилд санхүүжилт авах нөхцөл бололцоо сайжирсан байна. Засгийн газраас хөрөнгийн урсгалд тавих саад бага байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын хөрөнгийн зах зээлд чөлөөтэй оролцож болно. Банкны салбарын нийт хөрөнгө ДНБ-ний 80 хувьтай тэнцэх хэмжээнд байна. Монгол Улсад нийт 16 арилжааны банк байгаагаас 10 нь гадаадын хөрөнгө оруулалттай банк юм. Мөн үүнээс гадна ойролцоогоор 72 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газраас даатгалын тогтолцоо, зохицуулалтыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Хөрөнгийн зах зээл нь олон улсын түвшний хэмжээнд хөгжөөгүй ба хөрөнгийн бирж нь төрийн өмчийн компаниудыг хувьчлахад зориулан үүсгэн байгуулагдсан ч одоо биржийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Саяны санхүү, эдийн засгийн хямралаар найдваргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 10 хувьд хүрч өссөн. Хүндрэлд орсон банкуудад Засгийн газраас 389 сая ам.долларын туслалцаа олгосон бөгөөд 4 дэх том банкийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан.

Хувийн өмч хөрөнгийг хамгаалах хуулийн зохицуулалт сул  учраас 30 оноо Хувийн өмч хөрөнгийг хамгаалах хуулийн зохицуулалт сул. Энэ нь Өмч хөрөнгийн эрх – 30 оноо авахад хүргэжээ.   Шүүгчид шийдвэр гаргахдаа гэрээ хэлэлцээр, түүнд тусгасан заалтуудыг орхигдуулах тохиолдол ихээхэн гардаг. Барьцаат зээл (mortgage)-ийн тухай хууль байхгүй. Хууль бусаар олшруулсан бүтээлүүдийн тархалт газар авсан ба хяналт, зохицуулалтын арга хэмжээ нь хангалтгүй гэсэн байна.

Авлигын эсрэг эрх чөлөө тун муу “Транспаренси Интернэшнл”  олон улсын байгууллагаас эрхлэн гаргадаг Авлигын индекст Манай улс   179 орноос 102-т жагссан байна. Ер нь бол  Авлига, хээл хахуулийг өргөнөөр тархсан гэж үзэж байна. Хуулийн дагуу авлига, хээл хахуулийн хэрэгт орсон иргэдийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн шийтгэл ногдуулах   асуудал нь Засгийн газрын үе шат бүрт тулгараад байгаа томоохон асуудал гэж үздэг. Нэн ялангуяа шүүхийн байгууллага, цагдаа, гаалийн байгууллага ихээхэн өртсөн хэмээн үздэг байна. Авлигатай холбогдсон шийтгэл, баривчилгаа ховор бөгөөд төрийн албан хаагчдын хээл хахуулийн хэрэгт холбогдуулсан мэдэгдэл нь Засгийн газрын гишүүдийг ч хамруулдаг.  Тэрчлэн Авлигын эсрэг эрх чөлөө - 30.0 оноотой байна.

Хөдөлмөрийн зохицуулалтыг   харьцангуй уян хатан гэж үзжээ Монгол Улсын хөдөлмөрийн зохицуулалтыг   харьцангуй уян хатан гэж үзжээ. Ажилд авахад цалингаас гаднах зардал нь боломжийн хэмжээнд ба ажлаас халахад нэмэлт зардал байхгүй. Ажлын цагийн зохицуулалт нь чанга. Тиймээс Хөдөлмөрийн эрх чөлөөнд   75.9 оноо өгчээ.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хээ хээ харагдачэээээээээээээээээээ, ёооё бүр уншиж үзэхээс дургүй хүрмээр хэзээ манайд ийм эрх чөлөө байсын
2011-10-12