Д.Дагвадорж: Хүүхдүүд хор шартай, уран гоё барилдаан үзүүлж чаддаг

img

Чөлөөт бөх, сонгомол барилдааны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр эхэлж байна.

Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны 14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөх өрсөлдөнө. Тив, дэлхий, олимпийн медальтнуудын залгамж халаа болсон эдгээр өсвөрийн бөхчүүд 30 жинд 120 багц медалийн төлөө  өрсөлдөх юм.

.

Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/ тэргүүтэй байгууллагууд өндөр ач холбогдол өгч, зохион байгуулалт дээр онцгой анхааран ажиллаж  байгаа ажээ.

.

Уг тэмцээний нээлтийн үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржоос дараах тодруулгыг авлаа.

.

-Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэр өрсөлдөөнтэй болж байна вэ?

-Яг одоо өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сонгомол барилдааны тэмцээн явагдаж байна.  Тэмцээн маш өрсөлдөөнтэй болж байна. Яагаад гэвэл хүүхдүүд хор шартай, уран гоё барилдаануудыг үзүүлж чаддаг. Энэ тэмцээнд ялах, ялагдах чухал биш. Харин өсвөрийн шинэ баг бүрдүүлэх нь чухал байгаа.

.

-Сонгомол барилдааны онцлог юу вэ?

-Сонгомол барилдаан бол олимпийн төрөлд багтдаг. Цаашид монгол тамирчдын сонгомол барилдааныг олимпид оролцуулах бодолтой байгаа. Учир нь манай улсын чөлөөт бөхийн төрөлд сонгомол барилдаан бага зэрэг орхигдсон байдаг. Тиймээс манай МЧБХ-ын холбоо сонгомол барилдааны төрөлд түлхүү анхаарлаа хандуулан ажиллах болно. Сонгомол барилдааны хувьд бусад тулгуур, цээжний барилдааныг түлхүү хийж, томоохон оноо авдаг. Цаашид энэ төрлөөр сайн тамирчин төрнө гэдэгт итгэлтэй байгаа.

.

-Олимпын эрхийг 2016 онд эх орондоо авах боломжтой гэж та ярьж байсан. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?

-Бид Олимпийн эрх авах шалгуурын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах тухайгаа Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА, Ази тивийн бөхийн холбооны удирдлагуудад хүргүүлээд байгаа. Тэднээс нааштай хариулт ирэх байх гэсэн итгэлтэй байгаа. Гэхдээ энэ эрхийг авахын тулд эхний ээлжид энэ удаагийн Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, дараа жил болох Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг сайн зохион байгуулах хэрэгтэй. Ер нь бол тамирчдыг нутгийн дэвжээ түшдэг. Олон тамирчинг олимпийн эрх авахуулахын тулд МЧБХ-ноос олон ажил хийж байгаа.

Өнөөдөр 42, 46, 50, 54, 58, 63, 69 кг-ийн жинд 14 орны 100 гаруй хүүхэд сонгомол барилдаанд тойргоор барилдаж байна. Харин маргааш сонгомол барилдааны 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингийн барилдаан болох аж.

.

Энэ үеэр 54 кг-ийн жинд өрсөлдөж байгаа Казахстан улсын тамирчин Мухамид Имураас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр эхний тойргийн барилдаанд Киргиз улсын тамирчинг 0:7 харьцаагаар ялсан юм.

.

-Монголд ирээд төрсөн анхны сэтгэгдлээ хуваалцаач?

-Юуны өмнө монголчуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монголд анх удаа ирж байна. Монгол улс үнэхээр үзэсгэлэнтэй юм байна.

.

-Энэ удаагийн тэмцээн чиний хувьд хэр өрсөлдөөнтэй болж байна вэ?

-Маш өрсөлдөөнтэй болж байна. Томчуудын тэмцээнээс ч илүү өрсөлдөөнтэй байна. Магадгүй бүгд өсвөрийн Азийн аварга болохыг хүсч байгаа байх. Би ч бас аварга болохыг хүсч байна.

.

-Монгол тамирчдын барилдааныг үзсэн үү?

-Үзсэн. Монгол хүүхдүүд их барилдаанч, уран мэхтэй юм шиг санагдаж байна. Эндээс олон монгол найзтай болоод нутаг буцна даа.

.

-Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа бөхчүүдийн дийлэнх нь тухайн улсынхаа өсвөрийн шилдэг тамирчид байгаа гэж сонссон. Чиний хувьд өмнө нь ямар ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Тиймээ. Уг тэмцээнд оролцохын тулд олон шалгуур давсан. Миний хувьд Казакстан улсын олон тэмцээнд амжилттай оролцож байсан. Мөн Бакугийн олимпид гуравдугаар байрт шалгарч байсан.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ