М.Хүдэрбаатар: Хэнтий аймгаас төрсөн есөн аваргыг мөнхжүүллээ
Үндэсний бөх бол манай улсын нүүдэлчин ахуй, соёлын том өв. Тэгвэл энэ өвийг мөнхөлсөн монгол бөхийн хамгийн том хөшөөт цогцолбор Хэнтий аймагт сүндэрлэжээ. Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй үндэсний бөхийн 40 аварга төрсөн байдаг. Эдгээрийн ес нь хуучнаар Сэцэн хан аймаг буюу өнөөгийн Хэнтий аймгаас төрөн гарсан аж. Тодруулбал, М.Мөррэнцэн, Г.Самдан, А.Цэвэгмид, Н.Чойдорги, Р.Рэнцэн, Д.Цэдэн, Б.Намжилжав, С.Чүлтэм нарын аваргууд төрсөн бөгөөд “Хан Хэнтий” бөхийн дэвжээнээс санаачилсан цогцолбор өнөөдөр нээлтээ хийх аж. Энэ талаар Хан Хэнтий бөхийн холбооны тэргүүн, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатараас тодрууллаа.
.
-Үндэсний бөхийг мөнхжүүлсэн энэ цогцолбор монгол бөхийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ?
-Японы сумо бөх өнөөдөр дэлхийд алдартай. Гадаадын олон сувгууд, спортын мэдээгээр сумогийн барилдааны талаар мэдээлж байна. Гэтэл энэ спортын дэргэд манай үндэсний бөхөд илүү ур ухаан, бяр чадал, уран мэх шаардагддаг. Тийм байхад бид үүнийгээ сурталчлах, хойч үедээ өвлүүлэх нь чухал. Энэ цогцолбор ашиглалтад орсноор их аваргуудынхаа дурсгалыг хүндэтгэхээс гадна хойч үедээ мөнхөлөн үлдээж байна. Мөн монгол бөхийн гал голомт болсон Хэнтий нутагт ирсэн жуулчдад үзэх юм нэгээр нэмэгдэнэ. Түүнчлэн монголын үндэсний бөхийн хамгийн том цогцолбор болоод зогсохгүй, газар газрын хүчтэнүүд цугларч, хүндэтгэл үзүүлэх албан ёсны газартай болж байгаа юм. Үүнийг “Хан хэнтий” бөхийн холбооноос санаачилж, Геннисийн номонд бүртгүүлэх бодолтой байгаа.
.
-Энэ цогцолборыг Цонжинболдог дахь Чингисийн хөшөө, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнтэй адил манай томоохон бүтээн байгуулалтын нэг бгэж ойлгож болох уу?
-Мэдээж болно. Энэ жил Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой болж байгаа. Үүнтэй холбогдуулж, 90 бүтээлч ажлыг аймгийн Засаг даргын тамгын газраас санаачилан хийж байна. Тиймээс Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос санаачилж, аймгийнхаа түүхт ойтой холбогдуулан энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн. Мэдээж энэ цогцолбор маань ард иргэдийн амарч, зугаалах, зургаа татуулах, гадны зочид, төлөөлөгчдийг авч ирэх томоохон газрын нэг болно гэж найдаж байна.
.
-Энэ хөшөөт цогцолборыг барихад хэчнээн хүний хүч оролцоо орсон бэ?
-Хан Хэнтийгээ төдийгүй Монгол үндэсний бөхөө гэсэн сэтгэлтэй хүн бүр бидний ажлыг дэмжиж, бие сэтгэлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Маш олон хүн энэ ажилд бие сэтгэлээ зориулсан. Цогцолбор маань гурван метр 10 сантметрийн өндөртэй, суурьтайгаа нийлээд долоон метр орчим өндөр хүрэл цутгамал найман хөшөөнөөс бүрдэнэ. Нэг бүр нь 22 сая орчим төгрөгөөр бүтээгдэж байгаа М.Мөррэнцэн, Г.Самдан, А.Цэвэгмид, Н.Чойдорги, Р.Рэнцэн, Д.Цэдэн, Б.Намжилжав, С.Чүлтэм аваргын хөшөөг босгосон.
.






П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ