Монгол залуу олон улсын холбооны тэргүүнээр сонгогдов
IFAIMA буюу олон улсын нисэхийн мэдээллийн менежментийн холбооны 6 дахь удаагийн чуулга уулзалт Турк улсын Станбул хотод болжээ. Энэ үеэрээ тус холбооны Ази, Номхон далайн бүсийн орнуудын асуудал эрхэлсэн захирлыг шинээр томилох асуудлаар хуралдсан байна. Чуулга уулзалтаар тус холбооны ерөнхийлөгч Фернандо Лопез Монгол Улсын ИНЕГ-ын НМҮА-ны ААЧХХ-ийн дарга, Монголын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбооны тэргүүн Д.Эрдэнэбаатарыг томилох шийдвэр гаргасныг холбооны гишүүд дэмжсэн байна.
Холбооны ерөнхийлөгч Фернандо Лопез хэлсэн үгэндээ “Ази, Номхон далайн бүсийн орнуудын захирлаар Монгол хүн томилосон нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын нисэхийн мэдээллийн үйлчилгээнд авч хэрэгжүүлж байгаа бодлого, хийж гүйцэтгэсэн ажил, бүс нутагтаа тэргүүлэгч байр суурьтай яваа зэргийг харгалзан үзсэн” хэмээжээ. Мөн цаашид Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-ыг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажилд идэвхи чармайлт гарган ажиллахыг даалгаад ажлын амжилт хүссэн байна.
Олон улсын нисэхийн мэдээллийн менежментийн холбоо нь 2009 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 49 гишүүн оронд 1500 гаруй идэвхитэй гишүүд дэмжигчидтэй аж. Тус байгууллага нисэхийн мэдээллийн үйлчилгээг сайжруулах зорилготой байгуулагдсан олон улсын, төрийн бус, ашгийн бус мэргэжлийн байгууллага юм байна.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ