
Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолт болон чанаргүй хүнсний хэрэглээнээс үүдэлтэйгээр Монголд сэтэрхий уруултай, тагнай цоорхой төрөх хүүхэд олширч байгаа. Иймээс энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд ихэвчлэн Солонгос руу явж хагалгаанд ордог. Тэгвэл “Operation Smile Singapore International” байгууллагын тусламжтайгаар Монголын 50 хүүхэд эх орондоо үнэ төлбөргүй эмчлүүлж, эрүүл саруул болох боломж бүрджээ. Тус хагалгааг энэ сарын 31-нийг дуустал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр хийх юм байна. Азийн ядуу буурай орны хүүхдүүдэд тусладаг “Operation Smile Singapore International” олон улсын байгууллагын эмч нарыг Сингапур дахь Монгол улсын бүрэн эрхт суурин төлөөлөгчийн газрын элчин сайд Б.Дэлгэрмаа анх удаа манайд урьж авч иржээ. Түүнээс дараахи тодруулгыг авсан юм.
-Монголд хэчнээн эмч нар ирсэн бэ?
-“Operation Smile Singapore International” олон улсын байгууллагын АНУ, Узбекстан, Филиппин, Сингапурын 32 эмч нарын маш өргөн бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-нд Монголд ирээд байна
-Хагалгааг өнөөдрөөс эхлүүлсэн гэсэн. Одоогоор хичнээн хүүхэд хагалгаанд ороод байна?
-Өглөөнөөс хойш 10 хүүхэд хагалгаанд орлоо. Уг нь хагалгааг эрт эхлүүлж болох байсан. Гэтэл тус байгууллагын эмч нарын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэглэхээр авч ирсэн 500 мянган ам.долларын үнэтэй эм тариаг манай улсын гааль татвар нэхээд оруулахгүй, бидэнд багагүй хүндрэл учрууллаа.
-Монголоос 50 хүүхэд хамруулна гэсэн эдгээр хүүхдүүдийн тоо бүрдчихсэн үү?
-Уг нь манай талаас эрүү нүүрний эмгэгтэй 50 хүүхдийг тус байгууллагын эмч нарыг ирэхээс өмнө бэлдчихсэн байх ёстой байсан. Гэтэл одоогоор дөнгөж 20 хүүхдийг л Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бэлдсэн байна. Маргааш гэхэд сүүлийн 10 хүүхэд хагалгаандаа орчихно. Иймээс хөдөө орон нутагт байгаа эрүү нүүрний эмгэгтэй хүүхдүүдтэй эцэг, эхчүүд байвал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү нүүрний тасгийн эрхлэгч Аянга эмчтэй уулзах хэрэгтэй байна.
-Цаашдаа “Operation Smile Singapore International” байгууллага манай улстай холбоотой байх уу?
-“Operation Smile Singapore International” байгууллагын эмч нар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү нүүрний тасгийн эрхлэгч Аянга эмчийг дадлагажуулж байгаа. Цаашдаа ч манай улстай холбоотой байх болно.
-Тус байгууллагын талаар та товчхон танилцуулаач?
-“Operation Smile Singapore International” олон улсын байгууллага нь 1982 онд хандиваар байгуулагдсан юм. Иймээс ч ядуу буурай орны эрүү нүүрний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийдэг.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ