Банк, мөнгөний шуугиантай 7 хоног
Энэ долоо хоногт хотынхон бараг л хийх юмгүй УИХ-ын сул гишүүн шиг л өнгөрөх шиг байна. Ажил хөөцөлдье, асуудал ярья гэхэд хүнтэй өрөө, яам салбар газар бараг алга. Харин хуулийн хугацаанд ажлаа дуусгах гэж тэтгэврийн нөхөн олговрын материалыг бүрдүүлж буй нийгмийн даатгал, архивын газрын ажилтан даамлууд, иргэдтэйгээ нийлж аваад сөхөрч унатлаа ажиллаж өнгөрүүлэх шиг боллоо. Ингээд үйл явдлыг тоймлоё.
.6
Хадгаламж банк Төрийн банк боллоо.
Хэвийн ажиллаж, ердийн өдөр хоногуудын жишгээр ажлаа явуулж байгаа Хадгаламж банк гэнэт Төрийн банкинд очиж байгаа талаар мэдээ тарлаа. Хэдийгээр Хадгаламж банкийг дампуураагүй, санхүүгийн байдал нь хүндэрсэн учраас хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдлээс хамгаалж ийм шийдвэр гаргалаа гэж Монгол банкнаас зарласан ч хэвлэлийнхэн болон олон нийт хардсаар. Энэ нь банкны ганц эзэмшигч болох Жаст групп гадны нэгэн банкнаас 109 сая долларын зээл авсан ба түүнийгээ төлөх чадваргүй болсон гэсэн шуугианаас үүдсэн хардалт байв. Жастын захирал асан Ш.Батхүү хэвлэлийн хурал зарлан тодорхой тайлбар өгснөөр хадгаламж банкны хардалтад цэг тавив.
:
Ш.Батхүү хийсэн мэдэгдэлдээ, анх дампуурлын ирмэгт байсан “Хадгаламж” банкийг авч өдгөө 200 тэрбум төгрөгийн активтай болгосон. Өөрөөр хэлбэл, анх авсан үеэсээ активыг 12 дахин өсгөж чадсан гэж харагдаж байна. Одоо Төрийн банктай нэгдээд байгаа “Хадгаламж” банкийг би дампууруулчихсан юм биш. Ер нь “Хадгаламж” банк дампуураагүй шүү гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Хүмүүсийн яриад байгаа шиг “Хадгаламж” банкийг улсын мөнгөөр авраад байгаа зүйл байхгүй. Бид Төрийн банкинд 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө нийлүүлсэн” гэв.
:
“Хадгаламж” банк татан буулгах болтол тартагтаа туулаагүй байсныг эзэн асан Ш.Батхүү мэдэгдсэн. Түүний хэлснээр “Хадгаламж” банк өөрийн хөрөнгийн дутагдалд орсноос өөр ямар нэгэн санхүүгийн хүндрэлд ороогүй байсан гэнэ. Тус банк 300 тэрбум төгрөгийн бэлэн хөрөнгөтэйгээр Төрийн банкинд шилжсэн нь төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдаагүй байсныг харуулж буй юм. Монголын тав дахь том зээлдүүлэгч “Хадгаламж”-ийг ийн нэгтгэснээр төр хоёрхон хоногийн дотор 1.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, салбартаа дөрөвд үгээрт эрэмбэлэгдэх банкны эзэн болов гэж хэвлэлүүд мэдээллээ.
:
Үүний цаана өнөөх алдарт Олон овоотыг тойрсон асуудал дахиад босч ирлээ. Хүүхний ч билүү, алтны ч билүү магнат гэх Ц.Мянганбаяр Жастад “Олон овоот”-оо зарахдаа 20 тонн алттай гэсэн нь худал болж таарсан гэнэ. Нэлээн олон талаас нь үзүүлж харуулж тогтоолгоод 4 тонн хүрэхгүй шахуу алт байгаа болж таарч. Ш.Батхүүгийн хэлснээр бол Ашигт малтмалын газраас өгсөн А лиценз дээр “Олон овоот”-ыг алтны 18.5 тоннын нөөцтэй гэсэн нь ч худал болж таарч байх шиг байна.
:
Хадгаламж банк ийнхүү төрийн банкинд бяр нэмж эрсдэлгүй болсон бол Ш.Батхүүгийн 109 сая долларын зээл хийгээд “Олон овоот”-ын ужигт хэрүүл цааш өрнөх бололтой. Хадгаламжтай нийлж танигдахгүй болтлоо тэлсэн Төрийн банк ингэж томорч байгаад хэдэн жилээс үнэ хүрч хувьчлагдах юм байна гэсэн таамагч учир мэдэх хүмүүсийн уруулаас унаж байна.
:
Ноён Доллар суга өслөө
Долдугаар сарын дунд үеэс эрчээ авсан ам.долларын үнэ ханш баасан гарагийн байдлаар 1500 төгрөг давлаа. Арилжааны банкууд ам.долларыг 1498-1501 төгрөгөөр худалдан авч, 1519-1522 төгрөгөөр зарж байв. Монголбанкнаас валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзэлийг үүсгэхгүй байлгах үүднээс гадаад валютын худалдааг долоо хоног бүр зохион байгуулж байгаа гэнэ.
:
Пүрэв гарагт гэхэд гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк банкуудад 30 сая ам.доллар худалдаж, банкуудаас 156.5 сая юань худалдан авах санал ирүүлснийг 100 хувь биелүүлж, валютын захад ам доллар болон юанийг нийлүүлсэн байна. Гэсэн хэдий ч ам.долларын үнэ ханш хэлбэлзсээр байна.
:
Өнгөрсөн оны мөн үед Монголбанкнаас ам.долларын албан ханшийг 1349.8 төгрөгөөр хязгаарлаж байжээ. Харин өнгөрөгч баасан гарагт нэгж “ногоон” 1501.78 төгрөгтэй дүйсэн нь тухайн үеэс даруй 11.2 хувиар өссөн үзүүлэлт болоод буй юм. Гадаадын хөрөнгө оруулалт татарсан нь Монгол Улсын валютын нөөц дундрахад нөлөөлсөн хэмээн эдийн засагчид бас хэлж байна.Мөн төрийн банк болсон Хадгаламж банкны хөдөлгөөнтэй их бага холбоотой гэж үзэж байгаагаа хэсэг байна. Монгол банкны зүгээс манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ унаж, БНХАУ-ын дотоод эрэлт буурснаас үүдэн экспортын орлого өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан, нөгөө талаас дэлхийн хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал, манай улсын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт 30 гаруй хувиар багассан нь нөлөөлсөн гэж мэдэгдэж байна.
:
Цаашид яах бол гэсэн асуултад, долдугаар сараас Оюутолгойн экспорт эхэлсэн, Монгол Улсын нүүрсний экспорт сэргэх хандлагатай байгаа, 1200 ам.доллар болтол унаад байсан алтны дэлхийн зах зээлийн үнэ буцаад өсч 1300 ам.долларыг давсан зэрэг эерэг үзүүлэлт эдийн засагт ажиглагдаж байна. Энэ бүгдээс дүгнэхэд, цаашид гадаад болон дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас байдлаас шалтгаалсан ханш сулрах дарамт буурахаар байгаа гэж хариулж байна.
:6
МАН-ын шөргөөцөлдөөн ил гарлаа
Одоогийн удирдлагынхаа бөөрнөөс зүгээр нэг салахгүй зүүгдэнэ гэдгээ харуулж, ордныхоо гадаа гэр барьж төвхнөсөн МАН-ын Шинэчлэлийн төлөөх залуус бага хурлаа шаардан, энэ сарын 30-нд хийе гэж уриаллаа. Наадамд хөл алдаад намаа мартах шахуу яваа бага хурдын гишүүд нь юу гэж хариулсан нь тодорхойгүй байна.
:
Өнгөрсөн 7 хонигт намын удирдлага нь бол таг дуугүй л байлаа. Цөөнгүй хэсэг нь Ардчилсан Солонгост зочлохоор явсан тухай мэдээлэгдсэн. Энэ байдлаас харахад бага хурлыг яаран товлохгүй бололтой. Нөгөө Д.Сүхбаатарын талбай, хөшөөнийхөө төлөө дараагийн алхмаар тэмцэнэ гэсэн ч таг болов. Шинэчлэгчид болон одоогийн удирдлагууд талцан хэвлэлүүдээр бие биерүүгээ үг санаа шидсэн маягтай өнгөрөөлөө гэж болно. Ер нь бол МАН-ын хурлын асуудал гацаж, цаг үе, баяр наадмаар далим авч мөрлөөд чирсэн ч урагшаа хөдлөхөөргүй гүнзгий лагт нам суучихаад байх шиг.
:
Баасан гарагт тусгаар тогтнолын ордонд цахилгаанаа таслуулсан тухай мэдээ бол зуны халуунд уйдсан иргэдийн амны зугааг гаргахаар хошин мэдээ болох шиг боллоо. Харин үнэнч гишүүд дэмжигчдийнх нь бол уурыг барсан байх. Энэ ордных нь цахилгаан тасалдсан яриа нь МАН улаан мөнгөгүй болсон тухай ховч жиргээгээр дэвэрлээ. Харин энэ удаа сөрөг яриаг дэвэргэсэн хүмүүс нь АН биш, хэвлэлийнхэн ч биш МАН-ын залуус өөрсдөө байлаа. Энэ нь хуучин удирдлага ба шинэчлэгчийн талууд ил шулуун шөргөөцөлдөх дээрээ тулсныг олон нийтэд ил болгох шиг боллоо.
:
Хаан, Хувьсгалч хоёроо зөрөлдүүлсээр
Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон яриа яригдсаар л байлаа.
Долоо хоногийн босгон дээр Үүл даргын “Би мөрөөдлөө биелүүлсэн” гэсэн ярилцлагаас харахад Нийслэл удирдлагууд цаашид энэ шийдвэрээ хадгалах нь харагдаж байна.
:
Энэ ярилцлагад Үүл баатар маань : ... би энэ дашрамд нэг зүйлийг зориуд хэлье. Чингис хааны талбайг бий болгосон нь жанжин Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг ерөөсөө доошлуулах бодол агуулаагүй юм шүү. Ерөөсөө 1921 оны хувьсгалын үр дүнд бид Бүгд найрамдах улсаа тунхагласан. Чингис хаан бол Монгол Улсыг байгуулсан. 1921 оны ардын хувьсгалаар монголчууд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, хоёр хөршийнхөө Монгол Улсыг бие биедээ хувааж өгөх гэж байсан тэр үйл явдлыг зогсоосон. Тэрний билэгдэл бол Сүхбаатарын хөшөө мөн. Арай ч МАН-ын байрны өмнө тавиулахгүй. Зарим нь Батлан хамгаалах яамны өмнө аваачиж тавиач гэж байна лээ. Монголын тусгаар тогтнолын түүхийг тэгж доош нь хийхгүй. Монгол Улсын тусгаар тогтнол бол нэг намын өмч биш гэжээ.
:
Эндээс зөвхөн талбайн нэр төдийгүй бас хөшөө ч удахгүй хөдлөх юм байна гэж ойлгогдож байна. Харин хаашаа гэдгээ ярьж байгаа бололтой юм. Мөн Э.Бат-үүл дарга энэ шийдвэр өөрийнх нь хувьд гэнэтийнх байгаагүй олон жилээс өмнөөс дотроо тээсэн мөрөдөл нь байсан гэдгийг хэлжээ.
:
...Миний нэг мөрөөдөл яах аргагүй энэ байсан. Жараад оны эхээр Төмөр-Очир тэргүүтэй хүмүүс Ногоон нуурт очиж, Чингис хааны хөшөөг босгож байсан. Түүнийхээ төлөө бүгд хэлмэгдэж, дараа нь Төмөр-Очир гуай харамсалтайгаар амиа алдаж байсан. Би тэр хүмүүсийн тэр үед хүсч зорьж байсан зүйлийг би хэзээ нэгэн цагт хийнэ дээ гэж дотроо тангараг тавьсан байсан юм...
:
Чингисийн талбай энэ чигээрээ үлдэж,Сүхбаатарын хөшөө хөдлөх нь тодорхой болчихсон юм шиг байна. Гэхдээ иргэдийн олонх үүнийг дэмжихгүй гэдгээ хэлж, шинэ Чингисийн талбайтай больё гэсэн санаа, уриагаа хэлсээр байна.
:
Өнгөрөгч долоо хоногт тэгш ойн баяр, найр наадам, айраг тарвага дагасан осол эндлийн бараан мэдээ ихтэй байлаа. Ойн баяраа хийхээр хотоос буцаж явсан Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг дарга М, нэг залуугийн хамт осолд орж амиа алдсан бол Өвөрхангайд нэг залуу найзуудаа буудаж өөрийгөө өгүүтгэсэн хэрэг гарлаа. Сонсголонгийн гүүрнээс машинтайгаа ниссэн тухай мэдээ байна. Жолооч нь согтуу л байсан гэнэ. Азаар бүгд амьд мэнд.
:
Ирэх долоо хонот ч наадам үргэлжилнэ. Унаач хүүхдүүдээ хамгаалалтгүй, каск малгайгүй л бол бурхан шиг хүчтэй баян ирээд гуйсан ч, бүү мордуулаарай. Хоёр ч жоохон хонгор амь уралдааны замд эндээд байна эцэг эхчүүд ээ.
:
Төгсгөлд сонин дуулгахад Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ирэх наймдугаар сарын 09-ны өдөр 108 цамын тахилга болох гэнэ. 108 цамын тахилга үйлдснээр газар лус баясаж, зургаан зүйлийн амьтны зовлонгийн шалтгаан арилж, элдэв ган зуд, гал усны аюул, өвчин тахал муу үйлээс хагацаж, айл өрхийн аливаа сайн бүхэн дэлгэрч амар амгаланг олох нигууртай хэмээн үздэг байна.
:
Ирэх долоо хоногоор наадам ойн баярууд намжих талруугаа болох байх аа.
:
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ