Нийслэлийн хойд хэсгийн цахилгааныг 43 цаг хязгаарлана

img

“Хайлааст” дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан зуслангийн чиглэлийн айлуудад цахилгааны хязгаарлалт хийх болсон талаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас өчигдөр мэдээлэл хийсэн юм.

. “Хайлааст дэд станцыг 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан бөгөөд Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн нийт 50 гаруй мянган хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний ачаалал хөнгөрч, хэвийн ажиллах боломжтой болсон юм.a Гэвч тус станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн ихэнхи талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын сууриуд хазайж, 1-1.5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдсан, чичирсэн байдалтай, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байгаа аж.

. Тиймээс өвлийн их ачаалал эхлэхээс өмнө энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол тус дэд станцын эрчим хүчний найдвартай ажиллагаа алдагдаж,  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Дарь эх, Долоон буудал, Чингэлтэй, Сэлбэ, Дамбадаржаа, Яргайт, зуслангийн чиглэлийн 50 гаруй мянган хэрэглэгч буюу 40 гаруй МВт цахилгаан эрчим хүч хязгаарлагдана. Түүнээс гадна тухайн дэд станцад ажиллаж буй ажиллагсадын эрүүл мэнд, амь насанд аюул учрах, станцын найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл бүрдээд байна.

. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн зүгээс асуудлыг яаралтай шийдвэрлэхээр энэ сарын 01-ээс эхлэн станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Гэхдээ уг дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож, 110, 35кВ-ын холболтын шинн, проталь, тулгуур босгох ажлыг зайлшгүй хийх шаардлагатай тул энэ сарын 31-ний үүрийн 03.00 цагаас наймдугаар сарын 01-ний 22.00 цаг хүртэл хийхээр төлөвлөжээ.

. Энэ ажлыг гүйцэтгэх хугацаанд тус дэд станцаас тэжээгдэж буй 35 кВ-ын Яргайт, 10 кВ-ын фидерийн нийт 38 681 айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааныг хязгаарлахаар болжээ. Тодруулбал, ЧД-ийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21-р хорооний эрчим хүчийг хязгаарлахаар болсныг мэдэгдэж байна.

. Холбогдох албаны хүмүүс хугацаа алдалгүй ажиллах учраас 43 цагт багтаан уг ажлыг дуусгана. Тиймээс тухайн хэсэгт хамрагдаж буй хэрэглэгчидээс техникийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ажлаа зохицуулахыг хүсч байна. Тухайн хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх болсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газруудад аливаа эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх  талаар хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн” гэж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж хэллээ.

. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид  дэд станцыг анх барихдаа газрын хөрсийг судалж байсан эсэхийг тодруулахад, “Тухайн үед сонгуулийн жил байж таарсан учраас барихаар төлөвлөсөн газрыг сонгуулийн амлалттай холбоотой иргэд, айл өрхүүдэд олгосон. Тэгээд тухайн үеийн удирдлагууд нь хамгийн ойр сул байгаа газрыг чөлөөлж, барьсан юм байна лээ. Гэтэл тэр газар нь суулт өгч, өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байна” гэсэн юм.

. Өнөөдрийн байдлаар дэд станцыг нүүлгэх ажил 70хувийн явцтай байгаа ба “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас 300-аад сая төгрөг зарцуулаад байна. Гэвч цаашид дахин хөрөнгө гаргах шаардлагатай байгаа учраас нийслэлийн Засаг даргад асуудлыг танилцуулсан аж. Улмаар өвлийн улиралд хүндрэлтэй асуудал үүсэхээс сэрэмжлэх үүднээс  дэд станцыг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг яаралтай шийдвэрлэх, нүүлгэх ажлыг гүйцэтгэх явцад 43 цагийн хугацаанд тодорхой хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх болсон талаар иргэдэд урьдчилан мэдээлэх үүргийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ