
2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан “Хайлааст" дэд станц Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн нийт 50 гаруй мянган хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний ачаалал хөнгөрч, хэвийн ажиллах боломжтой болсон юм.
Гэвч тус станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн ихэнхи талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын сууриуд хазайж, 1-1,5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдсан, чичирсэн байдалтай, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байна. Тиймээс өвлийн их ачаалал эхлэхээс өмнө энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол тус дэд станцын эрчим хүчний найдвартай ажиллагаа алдагдаж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Дарь эх, Долоон буудал, Чингэлтэй, Сэлбэ, Дамбадаржаа, Яргайт, зуслангийн чиглэлийн 50 гаруй мянган хэрэглэгч буюу 40 гаруй МВт цахилгаан эрчим хүч хязгаарлагдах нөхцөл бүрдэхээс гадна тухайн дэд станцад ажиллаж буй ажиллагсадын эрүүл мэнд, амь насанд аюул учрах, станцын найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл бүрдээд байна.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн зүгээс асуудлыг яаралтай шийдвэрлэхээр 07 сарын 01-ээс эхлэн станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож, 110, 35кВ-ын холболтын шинн, проталь, тулгуур босгох ажлыг энэ сарын 31-ний үүрийн 03:00 цагаас 08 сарын 01-ний 22:00 цаг хүртэл хийхээр төлөвлөжээ. Энэ ажлыг гүйцэтгэх хугацаанд дэд станцаас тэжээгдэж буй 35 кВ-ын Яргайт, 10 кВ-ын фидерийн нийт 38 681 айл өрх, аж ахуйн нэгж буюу ЧД-ийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21-р хорооний эрчим хүчийг хязгаарлахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ