Сайхан сэтгэлт аваргуудын кимоно шинэ эзэддээ очлоо
Дөрвөн настай, тархины хорт хавдартай Б.Танан охины эмчилгээний зардлыг бүрдүүлэх сайн үйлсийн аянд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар нэгдсэн билээ. Тэд уг аянд оролцохдоо өөрсдийн тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцохдоо өмсөж байсан кимоногоо дуудлага худалдаанд оруулж, хамгийн өндөр үнэ хэлсэн хоёр хүнд нь зарахаар зарлаад байсан юм. Өнөөдөр уг дуудлага худалдаа өндөрлөж, Н.Түвшинбаярын кимоно 5 сая 650 мянга хүрсэн бол Х.Цагаанбаатарын кимоно 3 сая 100 мянга хүрч, шинэ эзэддээ очлоо. Аваргуудын кимоног шинэ эздэд л гардуулан өгч, дуудлага худалдаанаас олсон мөнгийг Б.Танан охины аавд хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр Спортын ордонд боллоо.
Ёслолын ажиллагааг Монголын Жудо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат эхлүүлж, үг хэлсэн. Тэрбээр “Монголд эмчлүүлэх боломжгүй, өдгөө Өмнөд Солонгост хэвтэн эмчлүүлж байгаа Б.Танан охинд туслах сайн үйлсийн аян өрнөж буй. Учир нь эцэг эх нь эмчилгээний өндөр зардлыг хүчрэхгүй байгаа тул элэг нэгт монголчуудаасаа тусламж хүссэн бөгөөд охины эмчилгээний зардлыг бүрдүүлэх үйлсэд манай спортын алдартнууд маань хувцас хэрэглэлээ онлайн дуудлага худалдаагаар зарахаар болсон билээ.
Монгол улсын түүхэнд жудо бөхөөр анхны Дэлхийн аварга, анхны Олимпийн аваргаар тодорсон хоёр тамирчин маань твиттер, фейсбүүкээр дэлхий даяар нээлттэй онлайн дуудлага худалдааг зохион байгуулсан. Олон хүн дэмжиж, үнэ хаялцуулж нэлээн урт хугацаа өнгөрлөө. Улмаар дуудлага худалдааг өнөөдөр 10.00 цагт өндөрлөж, хамгийн өндөр үнэ хэлсэн хоёр оролцогчийг энд урьж авчраад байна.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын олон жил тив дэлхийн чанартай олонд тэмцээнд өмсч оролцон медаль авч, хөлсөө шингээсэн, монгол эрийн сайхан бахархал болсон энэхүү кимоног “Буяннэмэх” сангийн тэргүүн Ш.Алтайсайхан 3 сая 100 мянган төгрөгийг санал болгож худалдаж авахаар шийдвэрлэсэн юм.
6
Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаярын хөлс, хүчээ шингээсэн кимоног твиттерийн идэвхитэй жиргээч Я.Пүрэвсүрэн гэдэг залуу 5 сая 650 мянган төгрөгөөр худалдан авлаа” хэмээн танилцуулсан юм. Танилцуулгын дараа аваргууд маань өөрсдийн кимоно дээр гарын үсгээ үлдээж, худалдаж авсан шинэ эздэд нь гардуулан өгсөн. Үүний дараа Б.Танан охины аав Т.Банзрагчид дуудлага худалдаанаас олсон мөнгөн хандивийг гардууллаа.
6

Энэ сайн үйлсийн аянг дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Өнөөдөр бидний кимоног худалдаж авсан хоёр залуудаа ч мөн баярлалаа гэж хэлье. Монголчууд та бид бие биедээ тусалж дэмжиж, сайн сайхан явж байгаа нь бусаддаа туслах үүрэгтэй. Бид бүхний ирээдүй үр хүүхэд учраас шаналж байгаа нэгэндээ туслахыг хүссэн юм. Олон сайхан хүний тусламж дэмжлэгээр дуудлага худалдаа амжилттай боллоо.
Би энэ кимоногоо 2010, 2011 оны дэлхийн аваргад өмсч байсан, мөн бусад тэмцээн уралдаанд ч өмсч барилдаж байсан.
6
-Сая кимоногоо гардуулах үеэр таны сэтгэл нэлээн хөдөлж байгаа харагдлаа?
-Тийм. Сайн үйлийн төлөө учраас үнэхээр баяртай байна. Танан охин нүдэнд харагдсан юм. Яагаад гэвэл би гурван хүүхдийн аав, хүүхдэд хайртай. Эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө бид өөрсдөө л хичээхгүй бол өөр хэн ч хичээхгүй шүү дээ.
6

-Юуны өмнө Монголын нийт ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Б.Танан хэмээх жаахан охин тархины хорт хавдар туссан нь Н.Түвшинбаяр аварга бид хоёрын зүрх сэтгэлд их хүнд туссан. Иймд бид хоёр ярилцаад энэ охинд жаахан ч гэсэн дэм болохыг хичээсэн.
Б.Танан охины эмчилгээний зардалд их хэмжээний мөнгө хэрэгтэй гэдгийг дуулаад өөрсдийн хөлс хүч шингэсэн, амжилт “дуудсан” кимоногоо дуудлагаар худалдлаа. Гэхдээ бид энэхүү кимоног зараад өөрсөддөө мөнгө олоогүй. Ард түмний маань зүрх сэтгэл, итгэл найдвар, энерги шингэж ар араасаа олон амжилтуудыг авчирсан хувцсаа эргүүлэн буяны үйлсэд зориулах нь зүйтэй гэж бодсон. Бидний кимоног авсан хүмүүс цаашид жаазлаж, хадгалаад түүх болгон үеийн үед хадгалж явна гэдэгт итгэлтэй байна. Мөн бүх салбарт амжилттай ажиллаж яваа залуустаа хандаж, Б.Танан охины төлөө ямар нэгэн сайн үйл хийхийг уриалж байна.
6

-Миний нэрийг Т.Банзрагч гэдэг. Би эхнэртэйгээ 2001 онд ханилж, одоогоор ганц хүүхэдтэй. Миний охин Танан дөрвөн настай. Хайртай охин маань тархины хорт хавдартай. Монголд эмчлэгдэх боломжгүй тул одоо Солонгосын Samsung medical center эмнэлэгт эмчлүүлж байна. Одоо 100 гаруй сая төгрөгийн эмчилгээ үлдэж байгаа. Биеийн байдал нь нэг үеэ бодвол дээрдсэн. Миний охинд өгөөмөр нинжин сэтгэлээр тусалж дэмжиж байгаа бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлмээр байна.
6
Ш.Алтайсайхан: "Буяннэмэх" сангийн нэрээр ахынхаа үйл хэргийг мөнхөлж байна
6

-Ер нь монголчууд ядарч яваа нэгэндээ тус дэм болдог уламжлалтай. Тиймээс өвдөж зовсон Б.Танан охины эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулахаар олон сайхан хүмүүс хандив тусламж үзүүлж байна. Би ч бас өөрөө энэ дуудлага худалдаанд оролцож өөрийн хувь нэмрээ орууллаа. Би дуудлага худалдаанд “Буяннэмэх” сангийн нэрийн өмнөөс оролцсон.
6
-Таны сан ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Миний төрсөн ах маань энэ хавар зам тээврийн ослоор бурхан болсон юм. Ахынхаа ажил үйлсийг үргэлжлүүлж, нэрийг нь мөнхлөх зорилгоор ядарсан зовсон, өнчин өрөөсөн хүмүүст тодорхой хэмжээгээр тус дэм болох зорилготой сан. Тиймээс олимпийн аварга Н.Түвшинбаярын кимоног худалдан авч, бяцхан охинд туслаж байгаадаа баяртай байна.
.
Сонирхуулахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг олимпийн аварга болсны дараа түүний бэлтгэлийн кимоног дуудлага худалдаагаар зарж байжээ. Түүний бэлтгэлийн кимоног Францын иргэн тухайн үедээ 8000 ам.доллараар худалдан авч байсан гэнэ. Худалдан авагч эрхэм кимоног гардаж авах үедээ “Монгол Улсын тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаярын энэхүү кимоно 20 жилийн дараа гэхэд 100 мянган ам.долларт хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлж байжээ.
.
Б.Одон, П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ