Шинээр 10 мянган иргэн хашааны газраа өмчилжээ

img

Монголын мянганы сорилтын сан/ММСС/-ийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж дуусчээ. Тус төслийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор өнөөдөр зарим иргэнд “Газар өмчлөлийн гэрчилгээ”-г гардуулан өгөх, төслийн үр дүнг нийслэл, дүүргүүдийн өмч, газрын харилцааны албанд хүлээлгэн өгөх хаалтын ёслолын ажиллагаа боллоо. Улаанбаатар зочид буудалд болсон тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Бүртгэлийн газрын орлогч дарга Б.Байгальмаа, Газрын харилцаа геодизи зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, Мянганы сорилтын корпорацийн Хөрөнгийн эрх хариуцсан ахлах зөвлөх Леонард Рольфес болон тус төслийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс оролцсон юм.

.

ММСС манайд үзүүлсэн буцалтгүй тусламжийн 285 сая ам.долларын 15.9 сая орчим долларыг “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-д зарцуулж, энэ хүрээнд 10 мянган иргэний хашааны газрыг нь өмчлүүлж өгсөн байна. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхэлсэн хашааны газар өмчлөлийн бүртгэлийн ажилд дээрх гурван дүүргийн иргэдийн 50 орчим хувь нь буюу 46600 гаруй хашаа хамрагджээ. Үүнээс 38000 гаруй хашааг нэг бүрчлэн судалснаас төсөл хэрэгжихээс өмнө ихэнх нь газраа өмчилж авсан байжээ. Харин үлдсэн иргэдийн тухайд хашааны газраа өмчилж авах мэдээлэл байхгүй, кадастрын зураг хийлгэх мөнгөгүй, хашааны газар нь маргаантай зэрэг зөрчилтэй байсан талаар ММСС-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаатар ярьж байв. Энэхүү төсөл нь зөвхөн өмнө нь хашаатай байсан айлуудыг хамруулсан боловч төслийг далимдуулж айлууд шинээр газар олж авах, үерийн аман дээр буучихаад түүнийгээ баталгаажуулах гэсэн оролдлого багагүй гарчээ. Түүнчлэн газрын өмчлөх эрхийн асуудлыг хариуцдаг Өмч газрын харилцааны байгууллага, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэс гэсэн хоёр байгууллага байдаг. Эдгээр нь мэдээллийн сангаа хоорондоо солилцдоггүй, холбоогүй байдлаас үүдэж хашааны газрын өмчлөлийн бүртгэлийн ажлын үед хүндрэл их гарчээ. Төслийн хэрэгжих хугацаа дууссан тул цаашид иргэн бүр хувьчилж авах 0.07 га газраа авахад иргэд болон төрийн байгууллагуудад маш том жишээ болохыг төслийг хэрэгжүүлэгчид ярьж байв. Мөн төрийн мэдээллийн санг үнэн бодит мэдээллээр хангахад маш чухал үүрэг гүйцэтгэжээ.

_.

Ёслолын ажиллагааны үеэр Газрын харилцаа геодизи зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай иргэдэд газраа өмчилж авах, зураглан бүртгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Мянганы сорилтын корпорацийн Хөрөнгийн эрх хариуцсан ахлах зөвлөх Леонард Рольфесыг “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан юм.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ