200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болжээ
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хийсэн мэдээллээр ирэх сард хамгийн дулаандаа 36 хэм, хамгийн хүйтэндээ хөрсөн дээр 0 хэм хүртэл хүйтэрч, хяруу унах төлөвтэй байгааг газар тариалан эрхлэгчдэд анхаарууллаа. Өнгөрсөн сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сайхан, Түшиг сумдын нутагт хэд хэдэн удаа хүчтэй аадар бороо орсны улмаас 1000 гаруй га талбайн үр тариа бороонд цохиулжээ.
Үүнээс 200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болсон байна. Одоогоор улсын хэмжээнд тариалсан нийт буудай сүүн болцын үедээ явж байгааг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга М.Ариунболд хэлж байв. Манай улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн хувьд буудайн 30 хувь нь тачирхан, 70 орчим хувь нь хэвийн болцтой байгаа аж.
Энэ жилийн ургац хураалтад нийтдээ 1100 гаруй үр тариа хураах комбайн, 570 гаруй жатка, 220 гаруй үтрэм, 670 гаруй үтрэмийн техник, 120 гаруй төмсний ухагч, төмс хураах комбайн ажиллах юм байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас элеваторуудаа ариутгах ажлыг явуулж байгаа аж. Техникийн бэлэн байдал одоогоор 75 хувьтай байгаа гэлээ.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ